Л.Ганбат: Гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан 711 сургуулийн 57.9 хувь нь I-IV индекст багтсанаар урамшуулал авахаар болсон

Б.Бадамгарав, IKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны гүйцэтгэлийн үнэлгээний талаар Боловсролын Яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахдаа өмнөх дөрвөн удаагийн үнэлгээний үр дүн, багш нарын санал санаачилгад үндэслэн арга зүй, агуулгыг нь өөрчилжээ. 

Арга зүйн өөрчлөлтийн талаар Боловсролын Яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат "Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс сургалтын байгууллагын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээг тус тусад нь дөрвөн үнэлгээ, 13 шалгуур үзүүлэлтээр авдаг байсныг энэ жил байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг БҮТ-ийн хяналтад хөндлөнгийн комисс зохион байгуулж авсан. Харин багшийн ажлыг үнэлэхдээ тухайн сургуулийн захирлын тушаалаар томилогдсон Үнэлгээний баг ажиллав. Үнэлгээний багт олон нийт, эцэг эх, сурагч, хамт олон зэрэг олон талын төлөөлөл багтсан баг шалгуурын дагуу бүртгэл мэдээллээс баталгаажуулах байдлаар үр дүнгээ тооцож гаргасан" гэж тайлбарлав.

2026 оны тавдугаар сард болсон гүйцэтгэлийн үнэлгээнд

  • 1,016 цэцэрлэгийн 7,434 багш, 49,762 хүүхэд, 992 эрхлэгч 914 арга зүйч, боловсролын газрын 120 ажилтан
  • ерөнхий боловсролын 711 сургуулийн 30,097 багш, 756,128 сурагч хамрагджээ. 

Боловсролын Яамны газрын дарга Л.Ганбат "Гүйцэтгэлийн үнэлгээний нэг зорилго нь багшийн ажлын үр дүнгээс хамаарч урамшуулал олгох байдаг. Зургаан шалгуурын хүрээнд 100 оноо цуглуулах ёстой. Үүнийг улсын хэмжээнд нэгтгэж стандарт оноонд хөрвүүлэх, багш нарын оноог эрэмбэлэхийн зэрэгцээ хамгийн чухал нь ахицыг тооцдог. Авсан онооноос нь хамаарч таван индекст хуваагдах бөгөөд I-IV индекс орсон бол тодорхой хэмжээний цалингийн нэмэлт урамшуулал авдаг. 

Үнэлгээний хамгийн гол зүйл нь ахиц тооцдог. Ингэхдээ бусад багштай бус өмнөх жилийн өөрийнх нь дүнтэй харьцуулж, энэ жил хэддүгээр индекс дээр орох вэ гэдгээс нь хамаарч урамшууллыг олгоно" гэсэн юм.

Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн тухайд

  • Ахиц гарсан 105 сургууль
  • стандарт оноо нь бага зэрэг буурсан ч индекс нь өссөн 122 сургууль,
  • өмнөх жилийнхээ үр дүнг хадгалсан 321,
  • ахиц гараагүй, үр дүн буурсан 149 сургууль байгаа бол шинээр 104 сургууль үнэлгээнд хамрагдсан байна. 

Цэцэрлэгүүдийн тухайд

  • ахицтай 359 цэцэрлэг
  • тогтвортой буюу өмнөх жилийнхээ үр дүнг хадгалсан 484 цэцэрлэг
  • үр дүн буурсан 151 цэцэрлэг байгаа бөгөөд шинээр 22 цэцэрлэгт үнэлгээнд хамрагджээ.
Улсын дунджаар ерөнхий боловсролын сургуулиудын гүйцэтгэл 80.2 хувь, цэцэрлэгийнх 95.2 хувьтай гарсан байна. Жил жилийн үзүүлэлтээс харахад ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэлийн хувь өсөлттэй байгааг Боловсролын Яамны газрын дарга Л.Ганбат онцлов. Мөн тэрбээр "Нийт цэцэрлэгийн 59.7 хувь нь I-IV индекс хамрагдаж, урамшуулал авна. Ерөнхий боловсролын сургуулиудын 57.9 хувь нь урамшуулал авахаар болж байна" гэлээ.

Боловсролын байгууллагуудын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн бэлэн болсон бол багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хариуг сургуулиуд өөрсдөө хариуцан нэгтгэх юм байна. Тодруулбал БҮТ-өөс авсан бичгийн шалгалтын дүнг сургуулиуд руу хүргэнэ. Сургуулиуд бусад шалгуурынхаа дагуу цуглуулсан мэдээллийн дүн оноог БҮТ-ийн бичгийн шалгалтын оноотой нэгтгэснээр багшийн үнэлгээ эцэслэгдэнэ.