Колумб улсын нутагт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 111 хүний амь үрэгджээ
Даваа гарагт Өмнөд Америк тивийн Колумб улсад сүүлийн жилүүдэд тохиолдоогүй хүчтэй газар хөдөлсний улмаас хамгийн цөөндөө 111 хүний амь үрэгджээ.
Нурсан барилгуудад илүү олон тооны хүн дарагдсан тул хохирлын хэмжээ нэмэгдэх өндөр магадлалтай байна.
Орон нутгийн цагаар Даваа гарагийн өглөөний 07:34 цагт тус улсын баруун бүсийн Чоко мужийн нутагт дэвсгэрт, газрын гадаргаас 103 км-ийн гүнд газар хөдлөлтийн төв цэг бүртгэгджээ.
Амь үрэгдэгсдийн ихэнх нь газар хөдлөлтийн төвөөс 55 км зайд оршдог кофе тариалалтын бүс нутгийн Перейра хотын оршин суугчид байсан байна.
Тус хотын төв хэсэгт 40 гаруй хүн амиа алдаж, 65 барилга нуржээ. Нурсан барилгуудын 15-ынх нь дор хүмүүс дарагдсан гэж хотын эрх баригчид үзэж байна.
Перейра хотоос өмнө зүгт 160 км, газар хөдлөлтийн төв цэгээс 200 км зайд ордог Кали хотод 32 барилга нуржээ.
Чоко, Валле дел Каука мужуудын Манизалес, Кибдо, Меделлин зэрэг хотуудад бас хүний амь үрэгдсэн тохиолдлууд бүртгэгдсэн байна.
Колумбын нийслэл Богота хотод барилга байгууламжуудад ан цав гарч, модод, гэрлийн шонгууд хугарсан ч одоогоор хүний амь нас эрсэдсэн талаар мэдээлэл ирээгүй байна.
Газар хөдлөлтийн чичиргээ хөрш Венесуэл, Эквадор, Панам улсуудад мэдрэгджээ.
Хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө Колумбын хөрш Венесуэл улсын хойд нутагт дараалан хоёр удаа газар хөдлөхөд 6,300 гаруй хүн амиа алдаж байв.
Колумбын ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла үндэсний хэмжээнд онц байдал зарлаж, хариу арга хэмжээнд засгийн газрын хүч нөөцийг дайчлах шийдвэр гаргажээ.
Тэрбээр дөнгөж Баасан гарагт үүрэгт ажилдаа орсон юм.
Колумб даяар 1,500 гаруй амины орон сууц ямар нэг байдлаар гэмтэж, сүйрснийг шинэ ерөнхийлөгч мэдээлжээ.
Дэлхийн улс орнууд туслахад бэлэн байгаагаа Колумбын эрх баригчдад илэрхийлсээр байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн бол Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен аврах ажиллагаанд Европын Copernicus хиймэл дагуулыг ашиглаж эхэлснийг мэдээлжээ.
Энэ удаагийнх шиг газрын гүнд болсон газар хөдлөлт ихэнхдээ харьцангуй аюул бага байдаг. Гэхдээ үүсгэсэн доргилт нь барилга байгууламжуудад хор хөнөөл учруулах замаар хүмүүсийн аюулгүй байдалд нөлөөлдөг байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
