Арваннэгдүгээр сарын 15-наас 2027 оны хоёрдугаар сарыг дуустал 100% хагас коксон түлшийг айл өрхүүдэд борлуулахаар болжээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өчигдрийн (2026.08.10) хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны танилцуулгыг сонслоо.
Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрийн зохицуулагч А.Амартүвшины мэдээлж буйгаар "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд түлшний хангамж, нөөц бүрдүүлэлт, зуухны төрлийг өөрчлөх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны 01 дүгээр тогтоолын дагуу халаалтын улиралд 280 мянган тонн хагас коксон түлшийг 288.7 тэрбум төгрөгөөр худалдан авахаар нээлттэй тендер шалгаруулалтыг 2026 оны зургаадугаар сарын 26-ны өдөр зарласан. Наймдугаар сарын 5-ны өдөр нээхээр байсан боловч Монополийн эсрэг газарт гомдол гарсан тул наймдугаар сарын 10-ны өдөр нээхээр болсон. Өнөөдөр өглөө тус тендерийг нээхэд дөрвөн компани оролцох хүсэлтээ илэрхийлсэн.
2026 оны наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар 40,456 тонн түлшний нөөцтэй байгаа бөгөөд ирэх халаалтын улиралд 80 мянган тонн түлш нөөцөлнө. Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 435 борлуулалтын цэгээр айл өрхүүдэд түлш нийлүүлнэ.
2026 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс 2027 оны хоёрдугаар сарыг дуустал хүйтний эд оргил үед айл өрхүүдэд хагас коксон түлшийг 100 хувь борлуулна. Тус борлуулалтын төлөвлөгөөг үндэслэн 2026-2027 оны халаалтын улирлын агаарын чанарыг 2025-2026 оны халаалтын улирлын мөн сарын агаарын чанартай харьцуулбал агаарын бохирдол есдүгээр сард 8.7 хувь, аравдугаар сард 1.5 хувь, арванхоёрдугаар сард 4.5 хувь, нэгдүгээр сард 3.8 хувь, хоёрдугаар сард 4.3 хувь, гуравдугаар сард 5.6 хувиар тус тус буурах боломжтой. Харин арваннэгдүгээр сард 3.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь өмнөх жилтэй харьцуулбал 2,000 тонноор илүү түлш борлуулахаар төлөвлөсөнтэй холбоотой.
Бид цаашид хагас коксон түлш үйлдвэрлэх Нүүрс пиролизийн үйлдвэр барьж байгуулахад хэд хэдэн ажил хийгээд явж байна. Багануурын нүүрсний хагас коксжих чанарыг лабораторийн нарийн нөхцөлд судалж, хагас коксжих чанар А зэрэглэл буюу маш тохиромжтой гэсэн ангиллаар батлагдсан.
Технологийн туршилт хийхэд хагас коксын гарц 55.8 хувь хүрсэн нь урьдчилсан тооцооллоос 10 хувиар илүү байна. Багануурын 360 тонн нүүрсийг ашиглаж хагас коксын үйлдвэрт туршилт хийхэд Монгол Улсын стандартыг бүрэн хангасан. Нүүрс пиролизийн үйлдвэрийн төсөл нь олон шатны эрх бүхий байгууллагаас хуулийн болон институцийн дэмжлэг авсан. Төслийн гүйцэтгэгчийг есдүгээр сард багтаан сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа. Төлөвлөгөөний дагуу үргэлжилбэл бүтээн байгуулалтын ажил 2026 оны аравдугаар сараас эхэлж, 2028 оны гуравдугаар сард ашиглалтад орно.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах 100-4,200 кВт хүчин чадалтай зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нэгт аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувиар шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх, хоёрт шингэрүүлсэн нефтийн хийн худалдаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагатай таван жилийн хугацаанд гэрээ байгуулна.
Нийт 21 хорооны 32 байршлын 69 зуухыг энэхүү төсөлд хамруулж, жилд 20,719 тонн түлшний хэрэглээг өөрчлөхөөр тооцсон. Ингэснээр хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, тоосонцор болон нүүрстөрөгчийн дутуу ислийн ялгарлыг бууруулах боломжтой.
Мөн 2026-2027 оны халаалтын улирал эхлэхээс өмнө 750 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх, Азийн Хөгжлийн Банктай хамтран 303 айл өрхийн халаалтыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
