"Энержи Ресурс"-ийн үнэ төлбөргүй нийлүүлж байсан мидлинг ₮27 тэрбумаар 180 мянган тонныг худалдан авах тендер зарлажээ

Н.Эрхбаяр, iKon.mn
53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өчигдрийн (2026.08.10) хуралдаанаар 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны танилцуулга мэдээллийг сонссон. 

Энэ үеэр "Энержи Ресурс" ХХК-ийн үнэ төлбөргүй нийлүүлж байсан мидлинг худалдан авахаар болсон тухай асуудал яригдлаа. 

Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрийн зохицуулагч А.Амартүвшин "2018-2025 онд "Энержи Ресурс" ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд эрчим хүчний угааж баяжуулсан нүүрсний завсар бүтээгдэхүүн болох мидлинг үнэ төлбөргүй нийлүүлж байсан.

2026-2027 оны халаалтын улиралд мидлингээр хангах боломжгүй, хийсэн гэрээний хугацаа дууссаныг мэдэгдсэн. Энэ халаалтын улиралд 180 мянган тонн мидлинг худалдан авахаар нээлттэй сонгон шалгаруулалтыг наймдугаар сарын 5-ны өдөр зарласан, есдүгээр сарын 1-ний өдөр нээнэ.

Нийт худалдан авсан мидлингийн 120 мянган тонныг шахмал түлш үйлдвэрлэж айл өрхүүдэд нийлүүлнэ. 60 мянган тонныг дулаан эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагад нийлүүлнэ" хэмээн ярьсан. 

“Энержи Ресурс” компанийн Ухаа худгийн уурхайд угааж баяжуулсан нүүрс буюу мидлингийг сайржуулсан шахмал түлш үйлдвэрлэхэд ашигладаг. Технологийн процессын хувьд мидлингийг 95%, барьцалдуулагчийг 5%-аар тохируулж, шахмал түлшийг үйлдвэрлэдэг юм.

"Тавантолгой түлш" ХХК-ийн өөрийн хөрөнгөөр буюу 27 тэрбум төгрөгөөр баяжуулсан коксжих чанаргүй нүүрс /завсарын бүтээгдэхүүн буюу мидлинг/ худалдан авах тендер зарласан байна. 

Сүүлийн гурван жил буюу 2023, 2024, 2025 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна. Сүүлийн гурван жил буюу 2023, 2024, 2025 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх гэсэн үндсэн шаардлагыг тус тендерт тусгажээ.

зураг