АНУ-ын жүдогийн шигшээд монгол гаралтай гурван тамирчин бий

Э.Тэмүүлэн, iKon.mn
33 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хэдхэн хоногийн дараа Перугийн Лима хотод жүдогийн Гранпри тэмцээн эхэлнэ. Нийт 54 орны 321 тамирчин өрсөлдөх тус тэмцээнд Монголын баг оролцохгүй. Голдуу Өмнөд болон Хойд Америкийн улсуудаас оролцох тус тэмцээнд АНУ-ын шигшээ баг 22 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

"Сэм авгын" жүдогийн багийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Стивен Болдбаатар хүч үзнэ. Ирэх аравдугаар сард 22 нас хүрэх Стивен АНУ-ын өсвөрийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ)-ээс хүрэл, залуучуудын ангилалд алт, насанд хүрэгчдэд хошой хүрэл медаль хүртээд буй.

Хоёр жилийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн тэр энэ жил Улаанбаатарын Их Дуулгад өрсөлдсөн билээ.

Тэгвэл АНУ-ын шигшээд тэр ганцаараа багтаагүй. Хэдийгээр Лимад болох Гранпри тэмцээнд өрсөлдөхгүй ч түүний төрсөн дүү Этан Болдбаатар мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлддөг аж. Этан насанд хүрэгчдийн УАШТ-ээс хошой хүрэл медаль хүртсэн юм байна.

зураг
 

Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Эрдэнэцогтын Билэгт тогтмол олон улсын тэмцээнд оролцож байгаа. Одоогоор дэлхийн чансааны 104-т жагсаж буй Э.Билэгт өнгөрсөн жил Улаанбаатарын Их Дуулгад оролцож байв. Өдгөө 20 настай Э.Билэгт энэ онд Парис, Ташкентын Их Дуулга, Чиндаогийн Гранприд хүч сорьжээ.