Оросын сонгуулийн сүүлчийн өдөр Москва хот Украины хамгийн том агаарын цохилтод өртжээ

Т.Давааням, ikon.mn
57 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ням гарагт ОХУ-ын нийслэл Москва хот Украины агаарын томоохон цохилтод өртсөн байна.

Хотын дарга Сергей Собянин нийслэлийг чиглэсэн нийт 450 дроныг унагасныг зарлаж, үүнийг дайн эхэлснээс хойших “хамгийн өргөн хүрээтэй” довтолгоо гэж нэрлэжээ.

Үүний улмаас Москва орчмын бүс нутагт газрын тос боловсруулах үйлдвэр, орон сууцны барилга цохилтод өртөхөд дор хаяж хоёр хүн амиа алдаж, 20 хүн шархадсан байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тус бүс нутаг дахь “газрын тосны чухал байгууламж болон ложистикийн төвд” нисгэгчгүй онгоц, пуужингаар довтолсноо хүлээжээ.

Үүнтэй зэрэгцэн Украины тал Бямба гарагт Оросын талаас явуулсан агаарын цохилтын улмаас Киев хот болон Сумы мужид есөн хүн амиа алдсаны гурав нь хүүхэд байсныг өчигдөр мэдээлсэн байна.

Москва мужийн захирагч Андрей Воробьевын мэдээлснээр Ням гарагт Софиньо тосгоны гурван давхар орон сууцны барилга дроны цохилтод өртөхөд 44 настай эмэгтэй алагдаж, таван хүн шархадсаны хоёр нь хүүхэд байсан гэнэ.

Орехово-Зуево дүүрэгт хувийн орон сууц дронд оногдоход өндөр настай эрэгтэй амь үрэгдсэнийг тэр бас мэдээлжээ.

Хотын дарга Собянины мэдээлснээр Москва мужийн түлш шатахууны гуравны нэгээс илүү хувийг нийлүүлдэг газрын тос боловсруулах үйлдвэр Украины халдлагад өртсөн байна.

Энэхүү үйлдвэр нь бас Оросын армид бензин, дизель түлш, нисэх онгоцны түлш нийлүүлдгийг Киевийн эрх баригчид баталжээ.

Собянин энэхүү халдлагыг Оросын парламентын сонгуулийн үйл ажиллагааг “тасалдуулах” оролдлого гэж тодорхойлсон байна.

Ням гарагт нь Оросын парламентын сонгуулийн санал хураалтын сүүлчийн буюу гурав дахь өдөр байсан юм.

Тав дахь жилдээ үргэлжилж буй дайныг зогсоох АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй байгаа. Баасан гарагт тэр Оросын газрын тос, байгалийн хийн хамгийн том худалдан авагчдын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай шинэ хуулийг баталсан.

Сенатор агсан Линдси Грэмийн нэрэмжит энэ хуулиар АНУ-ын ерөнхийлөгчид Хятад, Энэтхэг зэрэг Оросын гол худалдааны түншүүдийн бараа бүтээгдэхүүнд 100 хүртэл хувийн импортын татвар ногдуулах эрх олгогдож байгаа юм.

 

Эх сурвалж: BBC