Эр-Рияд хотын нисэх онгоцны буудлын ойролцоо гал гарсны дараа Саудын Арабын нийслэлд халдсанаа Хуситууд зарлалаа

Т.Давааням, ikon.mn
38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бямба гарагт Йемений босогчдын Хусит зэвсэгт бүлэглэл Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын “амин чухал” байгууламжууд руу пуужин болон нисгэгчгүй онгоцоор довтолсноо мэдэгджээ.

Тус хотын гол нисэх буудлын ойролцоо гал гарч, их хэмжээний хар утаа олгойдож байгааг харуулсан зураг бичлэг тарснаас хойш хэдхэн цагийн дараа уг мэдэгдэл гарсан юм.

Сүүлийн саруудад Ираны холбоотон Хусит бүлэглэл Саудын Арабын эсрэг довтолгоогоо эрчимжүүлсэн нь Ойрх Дорнодын бүс нутагт бас нэг мөргөлдөөний фронт нээгээд байгаа.

Эр-Рияд хотын яг ямар байгууламжуудад халдсанаа Хуситууд тодорхой дурдаагүй ч Улаан тэнгисийн эргийн газрын тосны экспортын төв болон Янбу хот дахь төрийн өмчит “Aramco” компанийн байгууламжид халдсанаа мэдэгджээ.

Тэд энэ халдлагаа Йемений нийслэл Санаа хот руу Саудын Арабын агаарын зэвсэгт хүчин довтолсны хариу арга хэмжээ гэж тайлбарласан байна.

Саудын тал одоогоор Хуситууд халдлага үйлдсэнийг албан ёсоор батлаагүй байна.

Бямба гарагт тус улсын эрх баригчид Эр-Рияд хот болон түүний зүүн талд оршдог Аль-Харж хотод агаарын довтолгоо болж болзошгүй талаар анхааруулгыг иргэдийнхээ гар утсанд илгээсэн юм.

Долдугаар сард Хуситуудын халдлага эрчимжсэнээс хойш анх удаагаа ийм анхааруулга цацжээ.

Хөрш Йемений хүн ам шигүү суурьшсан бүс нутаг болон хойд хэсгийн ихэнхийг хянадаг Хусит босогчид долдугаар сараас эхлэн Улаан тэнгист Саудын Арабын эсрэг бүслэлт зарлаж, ачаа тээврийн хөлөг онгоцнууд руу нь довтлох болсон юм.

Ормузын хоолойг Иран улс хаасны улмаас газрын тосны экспортын замаа Улаан тэнгис рүү шилжүүлсэн Саудын Арабын хувьд энэ нь том цохилт болж, дэлхий дахины эрчим хүчний хямралыг улам гүнзгийрүүлж байгаа.

Энэ сард Хуситууд маш хурдтай довтолсны үр дүнд Йемен улсын Улаан тэнгисийн эрэг дагуу нутаг дэвсгэрийг бүхэлд нь эзэлсэн юм. Ингэснээр Улаан тэнгисийн хоёр гарцын нэг болох Баб эль-Мандебын хоолой тэдний хяналтад шилжиж байна.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ “Хусит бүлэглэлийн Саудын Арабын хаант улсын эсрэг явуулж буй халдлага, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг энгийн иргэд болон эрчим хүчний дэд бүтцийг гэмтээсэн халдлагуудыг эрс хатуу буруушааж” байгааг анхааруулжээ.

 

Эх сурвалж: Reuters