Нигери улсад метанолоор хордсон ундаа хэрэглэсэн 48 хүн амиа алдаж, 182 хүн өвчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд метанолоор хордсон согтууруулах ундаа хэрэглэсний улмаас 48 хүн амиа алдаж, 182 хүн өвчилснийг Нигери улсын хүнс, эмийн хяналтын байгууллага Бямба гарагт мэдээлжээ.

Энэхүү эмгэнэлт явдал тус улсын баруун өмнөд бүсийн Ондо мужийн гурван дүүрэгт гарсан бөгөөд хохирогчид орон нутагт нэрсэн “Сармагчны Сүүл” гэгддэг ундааг ууснаас болсон гэнэ.

Метанол нь маш хортой бодис бөгөөд дотоод эрхтний үйл ажиллагааг зогсоож, үхэлд хүргэх, эсвэл хараагүй болгох аюултай байдаг.

Нигери улсын хүнс, эмийн хяналт, зохицуулалтын үндэсний агентлаг NAFDAC-ийн мэдээлснээр энэхүү ундааны улмаас таван хүн бүрэн, хоёр хүн хэсэгчлэн хараагүй болжээ.

Хордлогын эхний тохиолдол энэ сарын эхээр бүртгэгдэж, хохирогчдын тоо аажмаар нэмэгдэж байгаа гэнэ.

Эрх баригчид ундааг үйлдвэрлэж, худалдсан хэргээр 15 хүнийг баривчлан шалгаж эхэлжээ.

“Би Баасан гарагт хоёр хундага уучхаад гарсан. Харин Бямба гарагт хараагүй болсноо мэдсэн” гэж хохирогчдын нэг 32 настай Сола Адебайо эмнэлгийн орон дээрээс орон нутгийн телевизийн сувагт ярьсан байна.

Африк тивийн хамгийн их хүн амтай (243 сая) улс болох Нигерийн хяналт сул хөдөө орон нутагт хүмүүс гар аргаар нэрсэн согтууруулах ундаа хэрэглэх явдал түгээмэл байдаг.

Лабораторид хийсэн шинжилгээгээр сэжиг бүхий ундааны дээжээс үхэлд хүргэх аюултай спиртийн нэгдэл болох “метанолын өндөр агууламж” болон “индика” төрлийн каннабис илэрсэн тухай NAFDAC мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP