Хятадын 13 настай тамирчин Азийн наадмын усан сэлэлтийн уралдааны дээд амжилтыг тогтоож, алтан медаль зүүв

С.Мөнхцэцэг, ikon.mn
12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хятадын өсвөр насны тамирчин охин Азийн наадмын нээлтийн өдөр 200 метрийн зайн эрвээхэй сэлэлтийн төрөлд шинэ дээд амжилт тогтоож, алтан медаль зүүжээ.

13 настай Юү Зиди уг төрөлд 2 минут, 05.08 секундийн ажилт гаргаж, анхны томоохон тэмцээнийхээ алтан медалийг зүүсэн байна.

Энэ нь түүний нутаг нэгт тамирчин Жан Юфэйн гурван жилийн өмнө тогтоосон дээд амжилтыг хагас секундээр ахиулсан, Азийн наадмын шинэ дээд амжилт юм.

2028 оны Лос-Анжелесийн Зуны Олимпын наадамд амжилт гаргах ирээдүйтэй тамирчинд тооцогдож буй Юү энэ удаа өөрийн багийн тамирчин Чан Моханаас гурван секунд гаруй хугацааны өмнө барианд оржээ.

Медаль зүүснийхээ дараа хэвлэлд ярихдаа тэр “тийм ч сайн амжилт гаргаж чадсангүй”, “эрвээхэй сэлэлтийн техник маань бага зэрэг дутагдалтай байгаа” гэж хэлсэн байна.

“Би үүнээс ч хурдан сэлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Энэ удаа би өөрийн үзүүлэлтийг 0.9 секундээр ахиуллаа. Дараагийн удаа илүү амжилт үзүүлж чадна гэж бодож байна” гэж Юү үргэлжлүүлэн ярьжээ.

Азийн наадамд хувийн төрлөөр дахин хоёр уралдаанд оролцох Юү өнгөрсөн онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хятадын 4x200 метрийн чөлөөт буухиа сэлэлтийн багийн бүрэлдэхүүнд уралдаж, хүрэл медаль зүүсэн бөгөөд тус тэмцээний хамгийн залуу тамирчин болж байв.

 

Эх сурвалж: BBC