Италийн ерөнхий сайд анги танхимд гадаад хүүхдүүдийн тоог хязгаарлаж, шашны өмсгөлийг хориглох төлөвлөгөөг зарлажээ
Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони сургуулийн анги танхимд суралцах гадаад хүүхдүүдийн тоог хязгаарлах, мөн сурагчдад бурка, никаб зэрэг шашны өмсгөл хориглох арга хэмжээг удахгүй авч хэрэгжүүлэх гэж байгаагаа Ням гарагт зарлажээ.
Тэрбээр өөрийн удирддаг үндсэрхэг үзэл, консерватив чиг баримжаатай “Италийн ахан дүүс” намын залуучуудын байгууллагын гишүүдэд хандаж үг хэлэхдээ уг арга хэмжээний хүрээнд “боловсролын системд дасан зохицоход ноцтой бэрхшээлтэй тулгарч буй” гадаад сурагчдын эцэг эхчүүдээс итали хэлний хичээлд суухыг албадан шаардахаа амласан байна.
“Италид ирж, энд ирээдүйгээ бүтээхийг хүссэн хэн бүхэн манай хэлийг сурч, соёлыг ойлгож, дүрмийг хүндэтгэх ёстой. Энэ бол тэдний хүлээн авах ёстой цорын ганц зөв арга зам юм” гэж Мелонийг хэлэхэд тус чуулга уулзалтад оролцогчид алга ташин хүлээж авчээ.
Ингэхдээ тэр Исламын шашинт эмэгтэйчүүдийн бүх биеэ халхалж өмсдөг бурка, нүднээс бусад нүүрний хэсгийг хаадаг никаб зэрэг өмсгөлийг хориглох тухай ярьсан ч зөвхөн толгойг халхалдаг хижабыг дурдаагүй байна.
Засгийн газар ийм хуулийн төслийг өргөн баривал парламент 60 хоногийн дотор хэлэлцэж, батлах ёстой байдаг.
Улс төрийн замналаа хэт барууны үзэл баримтлалаас эхлүүлсэн Мелони цагаачлалын асуудалд хатуу байр суурь баримталсаар ирсэн.
Гэхдээ тэр ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш энэ хандлагаа өөрчилж, Европын Холбооны улс төрийн хүрээлэлд хүлээн зөвшөөрөгдсөн, нийтлэг чиг баримжаатай улс төрч болж хувирсан юм.
Гэсэн хэдий ч Мелони ирэх онд болох парламентын сонгуулийн өмнө нэр хүндээ өсгөхийн тулд сүүлийн үед зарим нийгмийн асуудлуудад популист байр суурь илэрхийлэх болоод байгаа.
Тухайлбал тэр жижиг болон дунд оврын автомашин, скутер эзэмшигчдийг үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх зэрэг олон нийтэд таалагдах хэд хэдэн арга хэмжээ авсан.
Энэ сарын эхээр Мелонгийн консерватив танхим дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн удаан тасралтгүй ажилласан Италийн засгийн газар болсон юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
