Шью Хунзө: Дулаалгатай цутгалтын технологийг ашиглан өвлийн улиралд ДЦС 5-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг Камбож улсын “Митайм групп” компани гүйцэтгэж буй.
Станцын барилгын ажлын явцын тухай тус компанийн барилгын талбайн инженер Шью Хунзө "Төслийн газар шорооны болон үнс булалтын ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай үргэлжилж байна.
Ажлууд төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байгаа бөгөөд хүйтний улиралд шилжиж байгаатай холбоотойгоор барилгын хийцлэл, бетон цутгалтын ажилд шуурхайлан орсон. Жишээлбэл бетон цутгалтын ажлын чанар, бат бэхийг хангах зорилгоор дулаалгатай цутгалтын технологийг ашиглан өвлийн улиралд ажил гүйцэтгэх шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Митайм группийн хувьд Тосонцэнгэлийн цахилгаан станц болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод баригдаж байгаа цахилгаан станцын төслөөс гадна олон улсын томоохон ажлуудыг гүйцэтгэж байсан. Энэ удаад Дулааны тавдугаар цахилгаан станцын төсөлд хуримтлуулсан туршлагаа ашиглан оролцож байна.
Одоогийн байдлаар төслийн талбай дээр "Митайм групп” компанийн 420 орчим ажилтан ажиллаж байна" гэв.
Станцын барилга угсралтын ажил энэ оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд 2028 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
