Олешки хотод гал зогсооход зуучилсан АНУ-ын тэргүүн хатагтай Украины төрийн дээд шагналыг хүртжээ
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тус улсын эмэгтэйчүүдэд олгодог төрийн хамгийн дээд шагналыг АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампад гардуулжээ.
Ерөнхийлөгчийн зарлигт дурдсанаар Меланиа Трамп "Украин улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд хувийн зүгээс томоохон хувь нэмэр оруулсан" тул түүнд Ольга Гүнжийн нэгдүгээр зэргийн одонг гардуулахаар болсон байна.
Меланиагийн зуучлалын дагуу өнгөрсөн долоо хоногт Оросын хяналтад буй Херсон мужийн Олешки хотод түр хугацаанд гал зогсоож, тэнд гацсан хэдэн зуун иргэнийг нүүлгэн шилжүүлсэн юм.
Нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцсон хүний эрхийн байгууллагын төлөөлөгчид болон өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн Орос, Украины төлөөлөгчид Меланиа Трампын урилгаар Пүрэв гарагт Цагаан ордонд уулзахаар болжээ.
Цагаан ордон мэдэгдэлдээ Меланиа Трамп "дайтаж буй хоёр улсын хооронд харилцаа тогтоох санаачилгыг бие даан гаргаж, гал зогсоох хэлэлцээрийг амжилттай байгуулсан" тухай дурдсан байна.
"Энэхүү амжилт нь Америкийн тэргүүн хатагтайн зүгээс гаргасан, урьд өмнө байгаагүй дипломат санаачилга боллоо" гэж тус мэдэгдэлд нэмж дурджээ.
Орос, Украины аль аль тал гал зогсоох хэлэлцээрийг зуучилсан Меланиад олонтоо талархал илэрхийлсэн боловч түүний оролцооны цар хүрээ, хэлбэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Пүрэв гарагт Цагаан ордонд очих төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Украины хүний эрхийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Дмитрий Лубинец, Оросын талын ижил албан тушаалтан Яна Лантратова, мөн Украины парламентын гишүүн Давид Арахамия болон Оросын төрийн өндөр албан тушаалтан Кирилл Дмитриев нар багтжээ.
Лубинец, Лантратова нар өнгөрсөн долоо хоногт хамтдаа Олешки хотод ажилласан нь Орос, Украины албаны хүмүүсийн хоорондох хамтын ажиллагааны ховор жишээ болсон юм.
Украины парламентын гишүүн, Зеленскийн намын бүлгийг тэргүүлэгч Давид Арахамия өмнө нь Оростой хийсэн энхийн яриа хэлэлцээний үеэр Украины төлөөлөгчдийн багт багтаж байжээ.
Украины хэвлэлүүдийн мэдээлснээр тэр гал зогсоох дэглэмийн үеэр Цагаан ордон болон Москвагийн хооронд албан бус харилцаа холбоог хариуцаж байсан бөгөөд Пүрэв гарагт Цагаан ордонд болох хэлэлцээрт оролцохоо баталгаажуулсан байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Яна Лантратова болон Кирилл Дмитриев нар багтах гэнэ. Дмитриев нь Кремльтэй ойр харилцаатай бизнесмэн бөгөөд АНУ-ын зуучилсан яриа хэлэлцээнд байнга оролцож байгаа.
Арахамия, Дмитриев нар бол өндөр түвшний энхийн яриа хэлэлцээнд олон жил оролцож буй туршлагатай хүмүүс бөгөөд ийм өндөр албан тушаалтнууд оролцсон уулзалтыг АНУ-ын тэргүүн хатагтай санаачлан зохион байгуулж байгаа нь ховор тохиолдол юм.
Цагаан ордонд болох уг арга хэмжээний агуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна. Лубинец өөрийн сошиал хуудсаараа дамжуулан АНУ руу явж байгаагаа мэдээлэхдээ "Удахгүй чухал уулзалтууд болох гэж байна" хэмээн бичжээ.
Цагаан ордны цахим хуудсанд мэдээлснээр Пүрэв гарагийн 11:00 цагт Меланиа Трамп өөрийн санаачилсан Олешки дахь хүмүүнлэгийн ажиллагааны талаар үг хэлэх аж.
Гадаад бодлогын асуудлаар тэр бүр дуугардаггүй тэргүүн хатагтай 2025 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй "харилцаа холбооны суваг" нээснээ мэдэгдэж байв. Энэхүү сувгаар дамжуулан тэр дайны улмаас гэр бүлээсээ хагацсан Украины хүүхдүүдэд эх орондоо буцаж, гэр бүлийнхэнтэйгээ нэгдэх боломжийг бүрдүүлж байжээ.
Энэ оны эхээр НҮБ-аас Украины хүүхдүүдийг Орос руу албадан зөөвөрлөх, шилжүүлэх үйлдлийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болон дайны гэмт хэрэгт тооцож буйг мэдэгдсэн юм.
Украины талын мэдээлснээр 2022 онд эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш бараг 20,000 хүүхдийг Орос болон Беларусь руу хууль бусаар зөөвөрлөсөн гэдэг.
Ирэх долоо хоногт Абу Даби хотод Орос, Украин, Америкийн төлөөлөгчид уулзахаар төлөвлөж байгаа нь хоёрдугаар сараас хойших анхны гурван талт уулзалт болох юм. Даваа гарагт АНУ-ын тусгай элч Стив Виткоффын мэдээлснээр уг хэлэлцээний хүрээнд дайны дараах аюулгүй байдлын гэрээ болон хурцадмал байдлыг намжаах асуудлыг голчлон хэлэлцэх ажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
