Конгрессын завсрын сонгуулиар Ардчилсан Нам олонх болж, Трампын бүрэн эрхийн үлдсэн хугацаа хүнд сорилттой тулгарлаа
АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Ардчилсан Нам гайхалтай ялалт байгуулж, өмнө нь өрсөлдөөн ширүүн болдог байсан хэд хэдэн тойргийг Бүгд Найрамдах Намаас булааснаар Сенат болон Төлөөлөгчдийн танхимд хяналтаа бүрэн тогтоолоо.
Тус нам 100 суудалтай Сенатад 53 суудал авч, дахин гурван тойрогт тэргүүлж байна. Мөн Конгрессын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимд ч ялалт байгуулсан нь тодорхой болжээ. Ингэснээр Барак Обамагийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанаас хойш анх удаа, одоогийн ерөнхийлөгчийн талд Конгрессын аль ч танхим байхгүй байх нөхцөл байдал үүсэж байна.
Зарим тойрогт санал маш ойрхон байгаа тул эцсийн дүн гарахад хэдэн өдөр шаардагдаж магадгүй ч ерөнхий дүнгээрээ Ардчилсан Нам ялж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний нам ялагдсан нь нэгэнт тодорхой болжээ. Трамп өөрөө ч өрсөлдөгчид нь өөрийн намын сонгуулийн кампанит ажлаас илүү сайн ажилласан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Ардчилсан Нам Конгрессын дээд танхим Сенатад хэд хэдэн суудлыг өөрийн талд эргүүлж чадсаны дотор олон арван жилийн турш Бүгд Найрамдах Намд үнэнч байсан тойргууд ч багтжээ.
Тухайлбал:
Жеймс Таларико, Техас: Трамп АНУ-ын өмнөд хэсэгт орших энэ мужид 2024 онд 14 хувийн зөрүүгээр ялж байсан. Тэрээр тус мужийн ерөнхий прокурор Кен Пакстоныг дэмжсэн бөгөөд Пакстон өмнө нь залилангийн хэрэгт буруутгагдаж, мужийн хууль тогтоох байгууллагаас албан тушаалаас нь огцруулах (impeachment) ажиллагааг эхлүүлж байсан түүхтэй. Гэвч Таларико түүнийг илт давуу ялж, саналын ихэнхийг тоолсны дараах байдлаар 11 гаруй хувийн зөрүүгээр тэргүүлсэн байна. Тэрбээр сүүлийн 32 жилийн хугацаанд Техас мужийн хэмжээнд ялалт байгуулсан анхны Ардчилсан Намын төлөөлөгч боллоо.
Адам Хамилтон, Канзас: Таларико 1994 оноос хойш Ардчилсан Намын хэний ч хийж чадаагүй амжилтыг үзүүлсэн бол Хамилтон үүнээс ч цааш ахив. Тэрбээр Канзас мужид Бүгд Найрамдах Намын Рожер Маршаллыг (мөн л Трампын дэмжлэгийг авсан хүн) ялсан юм. Канзас мужид Ардчилсан Нам хамгийн сүүлд 1932 онд л Сенатын суудал авч байжээ.
Жош Турек, Айова: Трамп 2014 онд Айова мужид 14 хувийн зөрүүгээр ялж байсан. Гэвч Турек энэхүү өрсөлдөөнтэй тойрогт 4 хувийн зөрүүгээр ялалт байгууллаа.
Энни Эндрюс, Өмнөд Каролина: Энэ бол Трампын 2024 онд хангалттай илүү саналаар ялж байсан тойрог юм. Уг тойргоос энэ оны дундуур нас барсан Трампын холбоотон Линдси Грэм сонгогдож байсан бөгөөд түүний дүү Дарлин энэ сонгуулийг хүртэл ахынхаа суудлыг залгамжилж байв. Дарлиныг Трамп хүчтэй дэмжиж байсан ч Эндрюст дор хаяж дөрвөн хувийн зөрүүгээр ялагдсан нь тодорхой боллоо.
Рой Купер, Умард Каролина: Купер өмнө нь Бүгд Найрамдах намын мэдэлд байсан суудлыг Ардчилсан Намынх болгоод зогсохгүй, Бүгд Найрамдах намын Майк Уотлийг бараг 20 хувийн зөрүүгээр илт давуу яллаа.
Трой Жэксон, Мэйн: Жэксон өмнө нь Бүгд Найрамдах намынх байсан суудлыг эргүүлж, Сюзан Коллинсийг бараг 7 хувийн зөрүүгээр ялав.
Шеррод Браун, Охайо: Браун энэ тойрогт Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Жон Хастедыг бараг 4 хувийн зөрүүгээр яллаа.
Абдул Эл-Сайед, Мичиган: Эл-Сайед энэ тойрогт Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Майк Рожерсын эсрэг ширүүн өрсөлдөж, ялсан нь тодорхой боллоо. Тэрбээр АНУ-ын түүхэнд анхны муслим сенатор болж байна.
Сенатаас гадна Ардчилсан Намынхан 435 гишүүнтэй Төлөөлөгчдийн танхимд олонх болоход шаардлагатай 218 суудлын босгыг давж, ялалт байгууллаа.
Энэхүү ялалтад өмнө нь Трампын Бүгд Найрамдах Намын мэдэлд байсан хэд хэдэн суудал багтаж байна.
Ингэснээр Конгрессын хоёр танхимыг хоёуланг нь Ардчилсан Нам хяналтдаа авлаа.
Ардчилсан Намынхан хэрэв Конгресст ялалт байгуулбал Ирантай хийж буй дайныг зогсоож, амьжиргааны зардлыг бууруулах, мөн эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй асуудлаар Трампын засаг захиргаанд хариуцлага тооцохоо амлаж байсан юм.
Тиймээс бүрэн эрхийн хугацааных нь үлдсэн хоёр жил Трампын хувьд нэлээд хүнд нөхцөл байдалд өнгөрөх нь тодорхой болж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
