Б.Мөнхбат: "Туулын хурдны зам төсөл"-ийн гүйцэтгэгч компани гэрээний алданги ₮80 тэрбум болсныг мэдэгдсэн. Гэрээний дагуу нийслэл төлөх ёстой

Н.Эрхбаяр, iKon.mn
13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал (УИХ)-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаар Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэж байна. 

Тус хуралдааны үеэр "Туулын хурдны зам төсөл"-ийн гүйцэтгэгчид өгсөн 500 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал яригдлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Аливаа тендерт шалгарсан байгууллагад санхүүжилтийг гүйцэтгэлээр нь олгодог. Гэхдээ баталгаа гаргавал санхүүжилт олгоно гэчихсэн. Төлбөрийн баталгаа нь яг юу байсан бэ. Хууль журмын дагуу зөв баталгаа байсан уу. Төлбөрийн баталгаа асуудалтай байсан хэдий ч 500 тэрбум төгрөгийг шилжүүлчихсэн юм уу. 

Хуулийн байгууллагад хянагдаж байгаа асуудал юу болж байгаа вэ. "Туулын хурдны зам төсөл"-ийн 500 тэрбум төгрөгөөр дахиад Яармагаас нэгдүгээр хороолол руу зам тавих гээд явж байна. 

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат: "Туулын хурдны зам төсөл"-тэй холбоотой 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр олгосон байдаг. Энэ бол даатгалын компаниас гаргасан баталгаанд үндэслэж олгосон. Уг баталгаа үнэхээр баталгаа болсон эсэх асуудал хуулийн байгууллагад шалгагдаад явж байгаа. 

Туулын хурдны зам төслийн 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа авсан компанитай өнгөрсөн долоо хоногт миний бие уулзсан. Улаанбаатар хот авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр олгосон 500 тэрбум төгрөгийнхөө хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах бусад ажлыг гэрээнд өөрчлөлт оруулж болох эсэх асуудлаар урьдчилан уулзалт хийсэн. 

Даатгалын баталгаагаар олгосон 500 тэрбум төгрөгийнхөө төлбөрт ажил зохион байгуулж болох эсэхийг хууль хяналтын байгууллагаас тодруулга авсан. Энэ хүрээнд нийслэл өөрөө шийд гэдэг хариу авсан учраас уулзсан. Бидний хувьд Улаанбаатар хотын баруун талын гарцыг нэмэгдүүлэх ажлыг бодож байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Төлбөрийн баталгаа асуудалгүй байх, асуудалгүй байх нь хоёр өөр үр дагавар гаргана. Төлбөрийн баталгаа хуулийн дагуу байсан бол тэр компани ямар ч асуудалгүй болж хувирна. "Туулын хурдны зам төсөл"-ийг зогсоож болохгүй асуудал яригдана. Гэтэл та нар тэр компанийг өөр төсөл рүү оруулах тухай асуудал ярина гэдэг чинь төлбөрийн баталгаа асуудалгүй байсан уу. Ямар асуудлаас болж энэ гэрээ зогсох үр дагаварт хүрсэн бэ. 

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат: Хуулийн байгууллагын процессыг мэдэхгүй байна. Би холбогдох хуулийн байгууллагаас "Туулын хурдны зам төсөл"-ийн 500 тэрбум төгрөгийн урьдчилгаатай холбоотой асуудал дээр хэлцэл хийж, зохион байгуулж болох уу гэдэг тодруулга авсан. 

Баталгаа хуулийн хүрээнд байсан эсэх асуудлаар тодруулга өгөөгүй. Энэ гэрээ олон улсын ФИДИК гэрээний зарчмаар байгуулагдсан. Аль нэг талын алдаатай зүйл гарвал алданги төлөхөөр гэрээнд заасан. Гүйцэтгэгч компани гэрээний алданги гээд 80 орчим тэрбум төгрөг болж байгааг мэдэгдсэн. Гэрээний үүргийн хүрээнд нийслэл төлөх ёстой.