ҮХЦ-ийн дарга, гишүүдийн цалинг итгэлцүүрээр тооцон нэмэхийг дэмжив
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг тогтоолын төсөлд Үндсэн хуулийн цэцийн гишүүний цалингийн асуудал тусгагджээ.
ҮХЦ-ийн Тамгын газрын дарга Г.Билгүүн "ҮХЦ-ийн дарга болон гишүүдийн цалин Монгол Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын дагуу зохицуулагдаж байгаа. Цэцийн гишүүдийн цалин нэрлэсэн дүнгээр тооцогддог. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхээр Цэцийн дарга, гишүүдийнх нэмэгддэггүй. Тухай бүрд нь УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага үүсдэг. Тиймээс цалингийн итгэлцүүрээр тооцдог байх нь зүйтэй гэж үзсэн учраас энэхүү тогтоолын төслийг УИХ-д хүргүүлсэн юм" гэдэг тайлбарыг өгсөн.
Өнөөдрийн байдлаар ҮХЦ-ийн дарга 5,727,476 мянган төгрөгийн цалин авдаг бол Цэцийн гишүүн 5,577,677 мянган төгрөгийн цалин авдаг байна.
Өнөөдөр хэлэлцсэн УИХ-ын тогтоолын төсөл батлагдвал Цэцийн даргын цалин 7,245,360 мянга, гишүүнийх 6,995,520 төгрөг болж нэмэгдэх ажээ.
ҮХЦ-ийн дарга, гишүүдэд үндсэн цалингаас гадна хоол, унааны зардал олгогддог. Тодруулбал, нэг өдөрт хоолны 15 мянган, унааны 3 мянган төгрөг бодогддог байна. Үүнээс гадна төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдэл, докторын зэрэг хамгаалсан бол цалингийн 10 хувь нэмэгдэж тооцогддог байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
