Хотын дарга тоосжилт, утаанд модоор галаа асаадаг иргэдийг буруутгав
Нийслэл хотын гэр хорооллын айл өрхүүдэд хоёр жил дараалан хагас коксон түлшийг хагас тэрбум гаруй төгрөгөөр БНХАУ-аас худалдаж авч хэрэглүүлж буй. Өнгөрсөн жил анх удаа хэрэглэсэн уг түлш нь утаа багатай, агаарын бохирдлыг өмнөх оныхоос 30 орчим хувиар бууруулсан гэж эрдэмтдийн зөвлөлөөс дүгнэж, хагас коксон түлшийг энэ жил дахин худалдаж авч байгаа билээ. Гэвч өглөө, оройдоо Улаанбаатар хотод утаа үнэртэх нь ихсэж байгаа.
Агаарын чанарын тухай "Өнөөдрийн байдлаар агаарын бохирдол өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 10-14 хувиар буурсан гэдэг тооцоололтой байна. Өглөө галаа асаах үеэр болон орой бас утаа нэмэгдэж байгаа. Энэ нь галаа эхлээд модоор асаагаад байгаа учраас тоосжилт, утаа нэмэгдэж байгаа зүйл байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаа 0.4 градусаар хүйтэн байгаа ч агаарын чанар тодорхой хэмжээнд сайжирч байгаа.
Энэ өвлийн бид бүхний хүлээлт бол 5,000 айлыг хийн зууханд шилжүүлсэн, 280,000 тонн хагас кокс, угааж баяжуулсан нүүрснээс гаргаж авсан, хуучин шахмал түлшнээс арай чанартай, тоосжилт, хүхэр багатай 180,000 тонн шахмал түлшинд байна. Өвөл агаарын бохирдол өнгөрсөн жилийнхээс буурна гэдгийг анхнаасаа хэлж байсан.
Ид өвлийн үеэр 11 дүгээр сарын 20-нд жинхэнэ нөхцөл байдалтайгаа нүүр тулна" гэж хотын дарга Б.Пүрэвдагва өнөөдөр(2026.11.04) тайлбарлав.
Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас(ЦУОШГ) мэдээлснээр өчигдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 3-нд:
- РМ10 тоосонцрын агууламж 52-242 мкг/м3, хамгийн өндөр агууламж Хайлааст орчим 242 мкг/м3 буюу Агаарын Чанарын Стандартаас(АЧС) 2.4 дахин их
- Азотын давхар исэл (NO2)-ийн агууламж 13-82 мкг/м3, хамгийн өндөр агууламж Зайсан орчим 82 мкг/м3 буюу АЧС-аас 1.6 дахин их
- Хүхэрлэг хий (SO2)-н агууламж 8-80 мкг/м3, хамгийн өндөр агууламж 3, 4-р хорооллын эцэс орчим 80 мкг/м3 буюу АЧС-аас 1.6 дахин их
- РМ2.5 тоосонцрын агууламж 10-75 мкг/м3, хамгийн өндөр агууламж 3, 4-р хорооллын эцэс орчим 75 мкг/м3 буюу АЧС-аас 2 дахин их
- Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн агууламж 524-4280 мкг/м3, хамгийн өндөр агууламж 3, 4-р хорооллын эцэс орчим 4280 мкг/м3 буюу АЧС-аас 1 дахин их байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
