Hwasa, Crush нарын бүрэн хэмжээний тоглолт Улаанбаатарт болно

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа

Солонгосын Кпоп хөгжим сүүлийн жилүүдэд зөвхөн хамтлаг, бүжгийн үзүүлбэрээр хязгаарлагдахгүй, R&B, Soul болон бие даасан уран бүтээлчдийн нөлөөгөөр дэлхийн хөгжмийн зах зээлд улам өргөжиж байна. Энэ урсгалын өөр өөр өнгө төрхийг төлөөлдөг Hwasa, Crush нар энэ сарын 7-нд Улаанбаатарт HOT STAGE X K*Pop Masterz тоглолтоор хүрэлцэн ирж, хамтарсан бүрэн хэмжээний тоглолтоо толилуулна.

зураг
 

Hwasa: Кпоп хөгжмөөс олон улсын тавцанд

K-pop-ийн эмэгтэй артистуудаас Hwasa-г ялгаруулдаг зүйл нь зөвхөн хоолойн чадвар биш. Тэрээр хөгжмийн салбарт тогтсон гоо зүйн хэвшил, эмэгтэй артистад тавигддаг хүлээлтэд нийцэхээс илүү өөрийн дүр төрх, уран бүтээлийн үзэл санааг тайзнаа илэрхийлдгээрээ танигдсан.

Түүний “Maria”, “I Love My Body”, “NA” зэрэг бүтээлүүд энэ чиг хандлагыг тодорхой харуулдаг. Харин 2025 оны “Good Goodbye” дуу Hwasa-гийн карьерын олон улсын амжилтын шинэ хуудсыг нээсэн юм. Уг бүтээл Billboard Global 200 жагсаалтад 32 дугаарт хүрч, World Digital Song Sales жагсаалтыг тэргүүлсэн. Түүнчлэн жүжигчин Park Jung-min-тэй хамтран Blue Dragon Film Awards-ын тайзнаа үзүүлсэн тоглолт нь цахим орчинд өргөн тархаж, дууны амжилтад хүчтэй нөлөөлсөн.

Hwasa 2025 онд анхны бие даасан Хойд Америкийн аялан тоглолтоо 11 хотод зохион байгуулсан нь түүний уран бүтээлийн хүрээ Солонгосын зах зээлээс давсныг харуулах бас нэгэн үзүүлэлт юм.

зураг
 

Crush: Драмын OST-оор дэлхийд танигдсан хоолой

Солонгосын олон ангит киноны хөгжмийн тухай ярихад Crush-ийн уран бүтээлийг орхих боломжгүй. Түүний дуулсан “Beautiful” дуу 2016 оны “Goblin” драмын хамгийн танигдсан OST бүтээлүүдийн нэг болж, гарсан даруйдаа Солонгосын долоон хөгжмийн платформын жагсаалтыг тэргүүлж байв.

Энэ амжилт 2024 онд “Queen of Tears” драмын “Love You With All My Heart” дуугаар дахин давтагдсан. Circle Chart-ийн 2024 оны жилийн Digital Chart-д уг бүтээл 31 дүгээр байрт бичигдэж, 166.5 сая гаруй оноо цуглуулсан нь тухайн жилийн амжилттай OST бүтээлүүдийн нэг болсныг харуулна.

Crush-ийн хувьд OST нь бие даасан уран бүтээлийнх нь зөвхөн нэг хэсэг. “Oasis”, “NAPPA”, “Rush Hour” зэрэг бүтээл болон BTS-ийн J-Hope-той хийсэн хамтрал нь түүнийг Солонгосын R&B, Soul хөгжмийн зах зээлд танигдсан артист болгосон. Түүний онцлог бол продюсинг, дууны зохиол, хөгжмийн найруулгад өөрөө оролцдогт оршино.

зураг
 

Тайзны ард ажиллах олон улсын баг

HOT STAGE X K*Pop Masterz-ийн бас нэг онцлог нь тоглолтын найруулга, техникийн багийн бүрэлдэхүүн юм. BTS зэрэг дэлхийн хэмжээний артистуудын концертын найруулгад ажиллаж байсан баг Монголд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж ажиллах бөгөөд дуу, гэрэл, дүрс, тайзны техникийн мэргэжилтнүүд мөн оролцоно.

зураг
 

Олон улсын хэмжээний концертын найруулга нь зөвхөн тайзны тоног төхөөрөмжөөр хэмжигддэггүй. Артистын хөгжмийн онцлогт тохирсон дүрсний шийдэл, гэрэлтүүлэг, дуугаралт, тайзны хөдөлгөөнийг нэгтгэх нь продакшны үндсэн ажил юм. Энэ удаад тухайн ажлыг хариуцах баг бүхэлдээ ирж ажиллах нь Монголд зохион байгуулагдах тоглолтын чухал онцлог болж байна.

K*Pop Masterz нь Азийн орнуудад зохион байгуулагдаж ирсэн цуврал концерт бөгөөд өмнөх цувралд TREASURE, Jackson Wang, BamBam, ATEEZ зэрэг уран бүтээлчид оролцож байв. Улаанбаатар дахь энэ удаагийн тоглолтод Монголын зочин артистаар XUG хамтлаг оролцоно.

HOT STAGE X K*Pop Masterz 2026 оны 11-р сарын 7-нд Буянт-Ухаа спортын ордонд болно. Ерөнхий зохион байгуулагчаар EXA Entertainment ажиллаж байна. Тасалбарыг ticket.mn-ээр авах бөгөөд зээлийн апплейкшин ашиглаж хуваан төлөөд авах боломжтой.

зураг
 

Эх сурвалж:

Тасалбар авах: ticket.mn/event/3283

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.