Оросын бүх шатны сургуулиудын хоолны цэсээс пиццаг хасахыг Кремлийн бодлогыг дэмжигчдийн нэг уриалжээ

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Геополитикийн сөргөлдөөний улмаас Орос улсад гаднын аюул занал, хор хөнөөлийг байж болох бүх зүйлээс хайх болжээ.

Тухайлбал Кремлийн бодлогыг тууштай дэмжигчдийн нэг тус улсын бүх шатны сургуулиудын цайны газрын хоолны цэсээс пиццаг хасахыг уриалсан байна.

Холбооны Аюулгүй Байдал ба Авлигын Эсрэг Сан хэмээх олон нийтийн байгууллагыг тэргүүлдэг Виталий Бородин уг хоолыг Өрнөдийн "картон хайрцагт савласан зөөлөн хүч" (soft power) хэмээн тодорхойлжээ.

"Мянган жилийн турш бидний эмээ нар уламжлалт бялуу, пирог хийж ирсэн атал одоо бидэнд кечуп түрхсэн Италийн хавтгай талхыг зарж байна. Итали улс бол манайд ээлгүй орнуудын жагсаалтад багтдаг бөгөөд Киевийн дэглэмд зэвсэг нийлүүлж байгааг сануулъя” гэж тэр Телеграм сувгаараа мэдэгдсэн байна.

Бородин өмнө нь ч гаднын нөлөөлөл байж болзошгүй гэж үзсэн зүйлсийнхээ талаар хууль сахиулах байгууллагуудад гомдол гаргадгаараа танигдсан нэгэн юм. Тэрээр хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, алдартнууд, либерал үзэлтнүүд, тэр ч байтугай Санта Клаусыг хүртэл Өрнөдийн хорлон сүйтгэх үйл ажиллагааны "агент"-ууд байж болзошгүй хэмээн буруутгаж байжээ.

"Эхлээд пицца, дараа нь Хэллоуин гээд ... Ингэсээр байтал хүүхдүүд Оросын ганц ч хоолны нэр хэлж чадахгүй болох нь байна" гэж Бородин бичээд дэлгүүрийн хаяг, сурталчилгаан дээрх гадаад үгсийг хориглохыг эрх баригчдад бас уриалсан юм.

Тэр дундаа "Pizzeria" (пиццаны газар), "Pepperoni" (пепперони), "Papa John’s" зэрэг нэршлүүдийг онцлон дурдсан байна.

Бородины пиццаны эсрэг хийсэн энэхүү дайралт болон түүний өмнөх үйлдлүүд нь Орос улс засгийн газрын түвшинд Өрнөдийн соёлын нөлөөг үгүйсгэж, улам бүр консерватив (уламжлалыг баримтлагч) үзлийг дэмжих болсныг илтгэж байгаа юм.

2022 оны арваннэгдүгээр сард ерөнхийлөгч Владимир Путин "Оросын уламжлалт оюун санааны болон ёс суртахууны үнэт зүйлс"-ийг, тэр дундаа соёлын өвд суурилсан үнэт зүйлсийг хадгалахад төрөөс гүйцэтгэх үүргийг тодорхойлсон зарлигт гарын үсэг зурж байв.

Кремлийн эрх баригчид мөн Украины дайн болон геополитикийн хурцадмал байдлыг соёл иргэншлийн зөрчлийн нэг хэсэг хэмээн тодорхойлж, Орос улсыг Өрнөдийн либерал соёлын түрэлтээс уламжлалт үнэт зүйлсийг хамгаалагч мэтээр харуулахыг зорьж байна.

 

Эх сурвалж: The Moscow Times