156 дугаар сургууль хүртэл шинээр барьсан 1.2 км авто зам, гүүр байнгын ашиглалтад оров
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн авто замаас 156 дугаар сургууль хүртэл шинээр барьсан 1.2 км авто зам, гүүрийг байнгын ашиглалтад оруулжээ.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр шинэ авто зам нь 7 метр өргөн зорчих хэсэгтэй, нэг талдаа 2 метр явган хүний зам, нөгөө талдаа 2 метр дугуйн зам болон ногоон байгууламжтай байна. Зам дагуу гэрэлтүүлэг, автобусны зогсоолуудыг байгуулжээ.
Харин гүүр нь 8 метр зорчих хэсэгтэй, хоёр талдаа явган хүний зам болон хүчитгэсэн дам нуруутай баригдсан байна.
Мөн тус дүүргийн хөрөнгө оруулалтаар 8 дугаар хорооны Дэнжийн замыг Сонсголонгийн замтай холбох 514 метр урт авто замын бүтээн байгуулалт дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээжээ.
Тус зам нь 7 метр өргөн, хоёр эгнээ зорчих хэсэгтэй, хоёр талдаа явган хүний замтай бол нэг талдаа иж бүрэн гэрэлтүүлэгтэй байна.
Түүнчлэн Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх авто замыг иж бүрэн өргөтгөн шинэчилж, байнгын ашиглалтад хүлээн авчээ.
Тус бүтээн байгуулалтын хүрээнд авто замын зорчих хэсгийг өргөтгөхөөс гадна газар доорх инженерчлэлийн болон дэд бүтцийн иж бүрэн шийдлүүдийг хамтад нь гүйцэтгэж, цэвэр усны нэвтрэх шугам, холбоо болон дулааны магистраль шугамыг хүчитгэсэн байна.
Бороо, үерийн ус тогтохоос урьдчилан сэргийлэх гадаргуугийн ус зайлуулах шүүрт худгууд, авто замын үзэгдэх орчин, аюулгүй байдлыг хангах орчин үеийн лед гэрэлтүүлгийн системийг суурилуулсан болохыг мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
