Б.Одбаяр: Нүхтээс Нисэх хүртэлх болон Ар Зайсан, Санзайн авто замын ажлыг ирэх онд үргэлжлүүлнэ
Нийслэл хотод энэ онд хийгдсэн авто замын засвар, шинэчлэлийн болон он дамжуулан хийгдэх ажлыг танилцуулав. Ирэх онд 22 байршилд эхлүүлсэн авто замын ажлыг үргэлжлүүлэх юм байна.
Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр "2026 онд нийт 66 байршилд 101 км авто замыг барихаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 44 байршилд авто замын ажил дууссан. Харин авто замын хучилтыг тавьж амжаагүй 22 байршлын ажлыг ирэх оны дөрөвдүгээр сараас үргэлжлүүлнэ. Ингэхдээ одоо байгаа замаар саадгүй зорчих нөхцөлөөр хангаж, аравдугаар сарын 30-наас авто замын ажлуудыг зогсоох тухай мэдэгдлээ өгсөн.
Тухайлбал Нүхтээс Архивын Ерөнхий Газар хүртэлх авто зам, Ар Зайсангийн гудамжны авто замын далангийн үеэр саадгүй зорчуулах нөхцөлийг хангуулж байгаа. Санзайн 1.7км замын буталсан чулуун үеийг тавьж, нийтийн тээвэр болон автомашин зорчих нөхцөлөөр хангаж, хөдөлгөөнийг нээсэн. Ирэх оны тавдугаар сард авто замыг барьж дуусгана.
Хороолол доторх болон гол гудамж магистраль авто замын засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан.
Гэрээт цагдаагийн алба хаагч нартай хамтран орой бүр талбайгаар явж, авто зам хулгайгаар сэтэлж байгаа эсэхийг шалган зөрчил гарсан тохиолдолд нөхөн сэргээлтийг гүйцэтгүүлж байгаа. Энэхүү хяналт шалгалт арваннэгдүгээр 30-н хүртэл үргэлжилнэ" гэж мэдээллээ.
2027 онд нарийвчилсан зураг гаргаагүй авто зам барихгүйг хэлэв.
Ирэх онд үргэлжлүүлэн барих авто замууд:
- Архивчдын гудамж (Нисэхийн авто зам)-аас эхлэн шинэ суурьшлын бүс болох Нео Сити хотхоныг дайран Нүхтийн авто замтай холбогдох 2 км авто зам. Төсөвт өртөг: Нийслэлийн Авто Замын Сангийн ₮11.7 тэрбум.
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд талын Ар Зайсангийн гудамж хүртэлх 780 метр шинэ авто зам. Төсөвт өртөг 2.7 тэрбум төгрөг.
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км авто замыг шинэчлэл. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны авто зам, замын байгууламжийн ажилд ₮3.1 тэрбум.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
