Ө.Шижир: Тахилтад сургуулийн нэг метр квадрат талбайг ₮45,000-аар түрээсэлж байгааг зах зээлийн үнэ гээд хэлчихлээ
УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонслоо.
Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир "Ачаалал үүссэн тойргуудын байршлыг тогтоож, сургуулиудыг сонгож явдаг. Ачааллын байршлуудын хэсгийг зааж, нийслэлийн боловсролын газрын пэйж хуудсаар нээлттэй зар явуулсан. Зарын дагуу 66 байршлыг гаргаж ирсэн. 2022 онд дундаж түрээсийн үнэ 45,000 төгрөг байсан.
Зах зээлийн үнийн судалгаа, холбогдох төрийн байгууллагын ажлын хэсгийн гаргасан үр дүнгээр энэ жилийн хувьд 55,000 төгрөг болсон. Хэлцэл хийж 50,000 төгрөг болгож үнийг тогтоосон. Ажлын хэсгээс орж ирсэн үнэ дээр гэрээ хийдэг" хэмээн ярьсан.
Үүнтэй холбогдуулан түрээсийн сургуулиудын төлбөр хотын төвийн түрээсийн төлбөрөөс өндөр байгаа асуудал яригдлаа.
Тодруулбал УИХ-ын гишүүн Ө.Шижир "Боловсролын яам 2020 онд бусдаас түрээсэлж байгаа нийт мөнгө 20 тэрбум төгрөг байсан бол 2027 оны төсөв дээр 64.6 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Энэ нь "Гэрт ойрхон" сургуультай холбоотой байх гэж харж байна.
Гэвч нөгөө талдаа ерөнхий боловсролын сургуулийн дундаж барилгажих хугацаа дөрвөн жил болсон. Анхны төсөв өртгийн нэмэгдэл 2027 онд шилжиж орж ирж байгаа нь 150 тэрбум төгрөг. Сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахгүй удаах тусам танай салбар 150 тэрбум төгрөгийг агаарт цацаад байна. Сургууль, цэцэрлэгийг хурдан ашиглалтад оруулах тал дээр анхаарч болохгүй юу.
"Гэрт ойрхон сургууль" гээд бусдаас талбай түрээслээд байгаа нь тэр хавьд улсын сургууль цэцэрлэг байхгүй л гэсэн үг. Засгийн газар хүүхэд төрөөд хоёр жилийн дараа цэцэрлэгт орно, зургаан жилийн дараа сургуульд сууна гэдгийг мартчихсан. Гэнэт санаад төсөв оруулж ирэхээрээ өртгийг нь дөрөв дахин нэмэгдүүлдэг.
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын гуравдугаар гудамжинд сургуулийн нэг метр квадрат талбайг 45,000 төгрөгөөр түрээсэлж байгаа юм байна. Танай дарга зах зээлийн үнэ гээд хэлчихлээ. Гэтэл Монголбанк Тагнуулын ерөнхий газрын яг өөдөөс харсан хотын төвийн АА зэрэглэлд байгаа барилгын нэг метр квадрат талбайг сарын 35,000 төгрөгөөр түрээсэлдэг. 1,000 метр квадрат талбайг түрээслэхэд жилийн 350 сая төгрөг болно.
"Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрийн сургуулиудын нэг нь жилийн 250 сая төгрөгийн зардалтай байна. Төр хэзээ эрэмбээ зөв тогтоодог болох вэ" гэв.
Үүний хариуд Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Сургуулиудын түрээсийн зардал нь байршил сайтай хотын төвийн газраас өндөр болж байгаа бол шалгуулсан нь дээр. Сургуулийн газар байхгүй учраас сонголтгүй болчихсон. Тиймээс иймэрхүү нөхцөлүүд үүсээд байгаа" хэмээн хариулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
