Вьетнам улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Индонез улсыг ардаа орхижээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
36 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Валютын Сангийн мэдээлснээр энэ онд Вьетнам улсын нэг хүнд ногдох эдийн засгийн гарцын хэмжээ Индонез улсынхыг давах төлөвтэй байна.

Тухайн улсын амьжиргааны түвшнийг илэрхийлдэг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ Вьетнамд энэ жил 8.9 хувиар өсөж, $5,259 хүрэх тооцоо гарчээ.

Энэ нь арван жилийн өмнөх үзүүлэлтээс бараг хоёр дахин их бөгөөд Индонезын $5,153-ын үзүүлэлтийг давж гарч байгаа юм.

Ингэснээр Вьетнам улс Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбооны (АСЕАН) гишүүн орнуудын дунд Сингапур, Бруней, Малайз, Тайландын дараа буюу тавдугаар байрт орох боломжтой болж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Вьетнамын өсөлтөд экспортын үйлдвэрлэл, электроник болон нэмүү өртөг шингэсэн бусад салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт, түүнчлэн дэд бүтцийн салбарт хийж буй томоохон хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд гол түлхэц болжээ.

Вьетнамын засгийн газраас өнгөрсөн сард гаргасан мэдээллээр тус улсын ДНБ гуравдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.95 хувиар өссөн байна. Энэ нь Ковид-19 цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр улирлын өсөлт бөгөөд хоёрдугаар улирлын 8.81 хувийн өсөлтийг давсан үзүүлэлт юм.

Долдугаар сараас есдүгээр сарын хооронд экспортын өсөлт болон дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлсэн бөгөөд энэ нь Вьетнамын удирдагчдын зорьж буй хоёр оронтой тоогоор хэмжигдэх өсөлтийн түвшнийг улам ойртуулсан байна.

Харьцуулбал Индонезын эдийн засгийн өсөлт 5 хувийн орчимд хэлбэлзэж байгаа юм. Гэхдээ тус улс Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засаг хэвээр байгаа бөгөөд энэ онд ДНБ-ий хэмжээ нь $1.48 их наядад хүрэх төлөвтэй байна. Энэ нь Вьетнамын $542 тэрбумын ДНБ-тэй харьцуулахад хамаагүй өндөр үзүүлэлт юм.

Вьетнам улс 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ээ ойролцоогоор $8,500-д хүргэх зорилт тавьсан нь одоогийн Тайландын түвшинтэй дүйцэхүйц үзүүлэлт ажээ.

Гэхдээ Тайландыг гүйцэхэд нэлээд хугацаа орно гэж шинжээчид үзэж байна.

Тухайлбал Дэлхийн Банкны Вьетнамыг хариуцсан эдийн засгийн ахлах зөвлөх асан Рэймонд Маллон "Хэрэв Тайландын эдийн засгийн өсөлт 2-3 хувийн орчимд, харин Вьетнамынх 8 хувьтай байвал Тайландыг гүйцэхийн тулд 2030-аад оны дунд үе хүртэл хугацаа шаардагдана. Гэхдээ ийм зүйл болох магадлал бага болов уу. Учир нь Тайландын эдийн засгийн үзүүлэлтүүд цаашид сайжрах төлөвтэй харагдаж байна" гэж хэлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post