БНСУ-д хадгалагдаж буй Юань гүрний үеийн хууль цаазын бичгийг Монголд авчирч, олон нийтэд танилцуулах боломжийн талаар ярилцжээ

Г.Мөрөн, iKon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ)-д суугаа Элчин сайд С.Сүхболд 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Солонгос судлалын төв хүрээлэнгийн Жансогаг сан хөмрөгт зочилж, Ерөнхий эрхлэгч Жон Ын Жү-тэй уулзав.

Энэ үеэр дэлхийд цорын ганц биет хувь нь хадгалагдаж буй Монголын Юань гүрний сүүлчийн хууль зүйн эмхэтгэл болох “Чжичжэнгийн хуулийн бичиг” (지정조격)-тэй танилцаж, нэн ховор уг түүхэн эх сурвалжийг эх орондоо авчрах, эрдэмтэн судлаачид, олон нийтэд танилцуулах боломжийн талаар санал солилцов.
зураг
 

Энэхүү эрх зүйн баримт бичиг нь “Чжичжэнгийн хуулийн бичиг”-ийг Юань улсын Тогоонтөмөр хааны оны цол болох Чжичжэн-гийн 5 дугаар он буюу 1345 оны 11 дүгаар сард эмхэтгэн зохиож дуусаад, 1346 оноос даган мөрдөж эхэлжээ. Уг баримт бичгийг Курё улсын сүүл үеэс мөрдөж, улмаар Жусонь улсын үед хууль эрх зүйн гарын авлага болгон өргөнөөр ашиглаж ирсэн, Монгол, Солонгос хоёр орны олон зууны түүхэн хэлхээ холбоог гэрчлэх үнэ цэнтэй баримт бичиг төдийгүй Монгол судлалын чухал эх сурвалж юм.

“Чжичжэнгийн хуулийн бичиг” анх 2003 онд Кёнжү хотын Яндун тосгоны Сун овогтын гэрээс олдож, Солонгос судлалын төв хүрээлэн хуулийн эхийг сэргээн засварлахын зэрэгцээ эх бичгийг судлан сийрүүлэх ажлыг гүйцэтгэсний үр дүнд 2007 онд “Чжичжэнгийн хуулийн бичиг”-ийн гэрэл зургийн эхийг сийрүүлсэн эхийн хамт хоёр боть болгон хэвлүүлэн гаргажээ.

 

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын Яам