Индэр    
0 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч

АЙЧИ НАГОЯ 2026: Тоёотагийн хотод алдраа цуурайтуулсан ТАМИРЧИД

Зураг

Япон Улсын Айчи муж орчмын болон Нагоя хотноо Азийн V пара наадам амжилттай зохион байгуулагдсан билээ. Шар тивийн шилдгүүд чуулсан тус тэмцээнд манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин хүч үзсэн юм. Улмаар манай тамирчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальтайгаар медалийн чансаагаар 14 дүгээрт жагсав.

Манай улс өмнө нь Азийн наадмаас хамгийн ихдээ 11 медаль зүүж байсан ч нэг наадамд хоёроос илүү алтан медаль авч байгаагүй. Тэгвэл Японд болсон тивийн олимпод пауэрлифтингийн төрлөөр хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, таеквондогийн төрлөөр хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, жүдоч Л.Туруунаа нар алтан медаль хүртсэн билээ.

Тэднээс гадна пара жүдогийн төрөлд Т.Сувд-Эрдэнэ, пара хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ, зээрэнцэг шидэлтийн төрөлд Ц.Доржзодов, байт харвааны төрөлд Д.Сэлэнгээ нар мөнгө, таеквондогийн төрөлд Х.Темирбек, байт харвааны эмэгтэй хос төрөлд тус тус хүрэл медаль хүртсэн юм.

Нийт 1,538 медалийн төлөө тамирчид өрсөлдсөн бөгөөд 33 улс ямар нэгэн медаль хүртжээ. Медалийн чансаагаар БНХАУ илт давуу тэргүүлсэн. Урд хөршийн баг тамирчид 435 медаль "цуглуулахдаа" 207 алт, 117 мөнгө, 111 хүрэл түүжээ.

Энэ удаагийн наадамд 22 улс дор хаяж нэг алт, 33 улс ямар нэгэн медаль авсан байна.

Тамирчид дэлхийн рекордыг 27 удаа шинэчилсэн бөгөөд Ази тивийн дээд амжилтыг 81, Азийн пара наадмын амжилтыг 306 удаа эвдсэн юм.

Э.Содномпилжээ, Г.Болор-Эрдэнэ нар анхны хошой аваргууд боллоо

Манай улсаас Азийн пара наадамд дөрвөн удаа оролцохдоо таван алтан медаль хүртэж байв. Тодруулбал 2014 онд Инчоны Азийн пара наадамд Н.Алтанцэцэг болон жүдогийн эмэгтэй багийн төрлөөр анхны алтан медалийг хүртэж байсан бол дөрвөн жилийн дараа 2018 онд Э.Содномпилжээ эрчүүдээс анхны алтыг авч байжээ.

Харин 2023 онд зохиогдсон Ханжоугийн пара наадамд таеквондогийн төрлөөр Г.Болор-Эрдэнэ, жүдоч Д.Ганбат нар алтан медаль хүртэж байлаа.

Тэгвэл энэ удаад Э.Содномпилжээ, Г.Болор-Эрдэнэ нар аваргаа бататгаснаар анхны хошой аваргууд боллоо. Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээгийн хувьд Азийн пара наадмаас хоёр алт, нэг мөнгөн медальтай болж буй юм. 

18 настай Г.Ган-Эрдэнэ хамгийн залуу медальтан 

зураг
 

Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 10.30 метрийн амжилт үзүүлснээр Г.Ган-Эрдэнэ хувийн дээд амжилтаа тогтоосон төдийгүй энэ наадмаас мөнгөн медаль хүртсэн юм. Тэр бол Монголын багийн хамгийн залуу тамирчдын нэг. Ердөө 18 насандаа тивийнхээ олимпоос медаль зүүснээр энэ удаагийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчдаас хамгийн залуу нь болсон билээ. 

Байт харвааны хос төрөлд анхны медалиа хүртэв

зураг
 

Байт харвааны эмэгтэй хос төрөлд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар хүрэл медаль зүүснээр пара байт харвааны хос төрөлд монголчууд анхны медалиа хүртсэн юм. Түүнчлэн Д.Сэлэнгээ байтын ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль зүүсэн юм.