Индэр    
1 цаг 33 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Мянганбаяр: Япон зөвлөх дасгалжуулагч ирснээр монгол бөхчүүдийн ажиллах чадвар шат ахисан

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Азийн Бөхийн Холбооноос зохион байгуулдаг бөхийн төрлүүдийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) дөрөвдүгээр сарын 6-наас 12-ныг дуустал Киргизийн Бишкек хотод болсон юм. 22 дахиа болсон энэ тэмцээнд 21 улсын 321 тамирчин өрсөлдсөн. Манай улсаас 21 тамирчин тивийн тэмцээнд оролцсон бөгөөд нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн билээ. Уг амжилтаараа нядханууд 126 оноогоор багийн дүнгээр III байр, эрчүүд 83 оноогоор VI байр эзэлсэн юм. Уг тэмцээний болон холбооны цаашдын зорилгын талаар Монголын Чөлөөт Бөхийн Холбоо (МЧБХ)-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяртай ярилцлаа.


- Киргизийн Бишкек хотод болсон ААШТ-д манай тамирчид нийт найман медаль хүртлээ. Энэ тэмцээний талаар ярилцлагаа эхлүүлье. Тивийнхээ тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлийг хэрхэн базаасан бэ?

- Өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдсан Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ)-д түрүүлсэн тамирчид тивийнхээ аваргад оролцох эрхээ авсан. УАШТ өндөрлөсний дараа 2028 оныг хүртэл манай холбоонд зөвлөхөөр ажиллахаар болсон Японы алдарт дасгалжуулагч Казүхито Сакаэ болон бусад шигшээ багийн дасгалжуулагчдын хамт цуглараад энэ оныхоо төлөвлөгөөг гаргасан юм.

Спортын Төв Ордон (СТО)-доо бэлтгэлд гараад хоёрдугаар сарын 8-наас 17 хоногийн хугацаатай Японы Маэбаши хотын Икүэй их сургуульд хамтарсан бэлтгэл хийсэн. Энэ их сургуульд Японы сонгомол болон эмэгтэй шилдгүүд олон бий. Мөн Парисын олимпын 57 кг-ын жинд аваргалсан Рэй Хигүчи, эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн аварга Котаро Киёока зэрэг өөр их сургуулийн тамирчдыг мөн урилгаар бэлтгэлд хамруулсан. 

Энэ бэлтгэлээс эргэж ирээд спортын ордонд тохижуулсан өрөөндөө бөхчүүдээ байршуулж, бэлтгэлээ эрчимжүүлсэн. Харин сүүлийн тав хоногт сэргэлтийн бэлтгэлээ дархан аварга Н.Батсуурийн "Basu Sport Complex"-т базаалаа.

- Тивийнхээ тэмцээнд санасандаа хүртэл оролцов уу?

- Энэ удаагийн ААШТ-д манай улсаас нийт 21 тамирчин, долоон дасгалжуулагч, нэг эмч гэсэн баг бүрэлдэхүүн оролцлоо. Эрэгтэй, эмэгтэй тус бүр 10, сонгомол бөхийн гурван жинд өрсөлдлөө. Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Г.Ганхуяг, Б.Намбардагва нар сонгомол төрөлд мөн хүч сорьсон. 

Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд тивийн аваргаас алт, таван хүрэл медаль хүртсэн З.Болортунгалаг тэмцээн болохоос долоо хоногийн өмнө шагайдаа бэртэл авснаар залуу тамирчин Э.Одгэрэлд эрхээ шилжүүлсэн. Мөн 53 кг-ын жинд залуучуудын азийн хошой аварга, өнгөрсөн жил насанд хүрэгчдийн ангилалд хүрэл медаль хүртсэн Б.Отгонтуяа бэртэлтэй байсан тул Г.Цовоо нар барилдлаа. 

Өнгөрсөн жил эмэгтэйчүүд багийн дүнгээр IV байр эзэлсэн бол энэ жил уг амжилтаа ахиулах зорилготой оролцсон. Дараа жил багийн амжилтаа ахиулах, олон алтан медаль авах том зорилго тавиад байна.

Спортод үзүүлж байгаа амжилтууд үргэлж баг хамт олны хөдөлмөр байдаг. Холбооны Ерөнхийлөгч Я.Содбаатар, шигшээ багийн дасгалжуулагчид, шүүгч, холбооны бусад ажилтнууд гээд олон хүний нэг зүтгэлийн үр дүнд тивийн тэмцээнд амжилттай оролцлоо. 

- Тивийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Б.Мөнх-Эрдэнэ маань шигшээ барилдааны үеэр гэмтэл авсан. Түүний бэртлийн талаар мэдээлэл бий юу? 

- Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртсэн Б.Мөнх-Эрдэнэ маань Ираны тамирчин Милад Вализадехтай барилдах үеэр хавиргандаа бэртсэн. Гэхдээ түүний гэмтэл олон сар үргэлжлэх ноцтой биш. ДАШТ-ий өмнө бүрэн эдгэрэх боломжтой. 

- Японы алдарт дасгалжуулагч Казүхито Сакаэтай манай холбоо хамтран ажиллаж эхэлсэн. Япон хүнийг дасгалжуулагчийн багтаа авснаар ямар нөлөө үзүүлж байна вэ?

- Өнгөрсөн жилийн наймдугаар сараас хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Энэ гэрээ 2028 оны олимп хүртэл үргэлжилнэ. УАШТ-ий дараагаас яг биечлэн бэлтгэлд оролцож эхэлсэн. Сар бүр 15 хоног Монголд, үлдсэн хугацаанд Японоосоо зөвлөх байдлаар ажиллаж байна.

Энэ хүнийг шигшээдээ ажиллуулсны үр дүнд бид Япон сургалт, бэлтгэлийн ачаалалд суралцаж байгаа. Саяны тивийн аваргын тэмцээний үеэр манай тамирчдын ачаалал даах чадвар эрс сайжирсан нь анзаарагдсан. Хоёрдугаарт өмнө нь Японд хамтарсан бэлтгэл хийхэд хүндрэлтэй байсан бол Сакаэ багшийн ачаар ийм боломж нээлттэй болсон. Үр дүнд өнгөрсөн оны аравдугаар сард болон энэ оны хоёрдугаар сард хамтарсан бэлтгэлд оролцлоо. 

Мөн энэ жил манай холбоо сургалтын жил болгож зарласан. Энэ хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тодорхой үе шатаар бүх салбарт сургалт явууллаа. Нэгдүгээр сард шүүгч нарт зориулсан сургалт явуулсан бол өнгөрсөн сард Дархан-Уул аймагт U23 болон U17 насны ангиллын УАШТ-ий үеэр Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооны сертификат олгох сургалт зохион байгууллаа. Тухайлбал хоолзүй, сэтгэлзүй, холбооны дүрэм, допинг, япон дасгалжуулагч маань бэлтгэл төлөвлөх тал дээр өөрийн туршлагаасаа хуваалцсан юм.

- Япончуудтай хамтарсан бэлтгэл хийх үеэр тус улсын тамирчдын ямар зан чанар илүү анхаарал татсан бэ?

- Миний анзаарснаар Японд ямар ч алдар цуут олимп, дэлхийн аварга тамирчин байсан ч бэлтгэлийг бүгд ижил хийдэг. Мөн Японы сургалтын программ нь маш шахуу. Амралт бага, өндөр ачаалалтай бэлтгэл их байсан. Хамгийн том ялгаа нь сургалтын чанар байлаа. 

Япончууд маш өндөр ачаалалтай бэлтгэлийнхээ ачаар барилдааны турш хялайхгүй барилддаг ч нөгөө талаас тэд биднээс тэгтлээ хол тасарчхаагүй гэдгийг ойлгосноор манай тамирчдад өөрсдөдөө итгэх итгэлийг өгч байгаа болов уу.

Дайнаас болоод ДАШТ-ийг зохион байгуулагч орон өөрчлөгдөж магадгүй

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Энэ жил тивийн тэмцээнээс гадна Японы Нагоя-Аичи хотноо Азийн наадам, ДАШТ зэрэг томоохон тэмцээн манай тамирчдыг хүлээж буй. Эдгээр тэмцээнд оролцох тамирчдыг хэрхэн сонгох вэ?

- Манай холбооноос дотоодын өрсөлдөөнийг сайжруулах зорилгоор өнгөрсөн гуравдугаар сард МЧБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээнийг Эрдэнэт хотод зохион байгуулсан. Дотоодын өрсөлдөөн сайжирч байж олон улсын тэмцээнд бид амжилт үзүүлнэ. 

Өмнө нь Азийн наадамд оролцох баг тамирчдыг шигшээ багийн дасгалжуулагч сонгох журам байсныг энэ жил өөрчлөөд сонгон шалгаруулахаар болсон. Тодруулбал ирэх тавдугаар сарын 6-наас 7-ныг дуустал эрэгтэй, эмэгтэй тус бүр олимпын зургаан жинд нээлттэй хэлбэрээр болох юм. Энэ тэмцээнд түрүүлсэн тамирчид Азийн "олимпод" оролцох эрх авна.

Азийн наадмаас 21 хоногийн дараа буюу аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал ДАШТ болох хуваарьтай. Одоогоор Бахрейн Улсад болохоор товлогдсон ч дайнаас болоод зохион байгуулагч орныг өөрчилж магадгүй сурагтай.

ДАШТ-ий бүрэлдэхүүнийг сонгох сорилыг мөн долдугаар сарын сүүлээр эсвэл наймдугаар сарын эхэнд олимпын жингээр хийхээр төлөвлөж байна. Олимпын жинд тамирчид сонгогдсоноос хоёр долоо хоногийн дараа олимпын бус жингээр сонгон шалгаруулахаар төлөвлөсөн.

Үүнээс гадна ирэх зургаадугаар сарын 4-нөөс 7-ныг дуустал Улаанбаатар хотод чансааны оноо олгох нээлттэй тэмцээн болно. Энэ тэмцээнд УАШТ-д эхний гурван байр эзэлсэн тамирчид оролцох юм.

- "Улаанбаатар опен" чансааны оноо олгох тэмцээнийг хэзээнээс зохион байгуулах болов? 

- Хамгийн анх 2024 оны тавдугаар сарын 1-нээс өмнө нутагтаа чансааны оноо олгох тэмцээнийг зохион байгуулахад өрсөлдөх санал хүлээж авсан. Холбооны Удирдах зөвлөл уг саналыг дэмжээд саналаа хүргүүлсний дараа тухайн оны есдүгээр сараас тус тэмцээнийг зохион байгуулах эрхийг манайд албан ёсоор өгсөн юм. 

Уг гэрээгээр гурван жилийн хугацаанд Улаанбаатарын чансааны оноо олгох тэмцээн зохион байгуулахаар Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ноос шийдвэрлэсэн.

Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулахад 23 орны 400 гаруй тамирчин оролцсон. Одоогийн байдлаар энэ жил 600 орчим тамирчин ирэхээр байна. Умард, Өмнөд Солонгосын тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ирэхээ мэдэгдсэн. Мөн Казахстан, Узбекистан, ОХУ, Нигер, АНУ-аас бөхчүүд ирэх төлөвтэй. БНХАУ-ын баг өнгөрсөн жил Бүх Ард Түмний Спартакиад давхацсан тул ирээгүй ч энэ жил оролцохоо бас мэдэгдээд буй.

Тэмцээний бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана. Тэр үед оролцох багуудын бүрэлдэхүүн эцсийн байдлаар тодрох юм. 

- Та саяхан Азийн Бөхийн Холбооны Зүүн Азийг хариуцсан консулаар томилогдсон. Үүнийхээ талаар манай уншигчдад хуваалцвал?

- Өнгөрсөн жилийн тивийн аваргын тэмцээний үеэр Азийн Чөлөөт Бөхийн Холбооны Чуулганаар Йордан Улсын иргэн Мохаммед Аль-Авамлех холбоог тэргүүлж эхэлсэн. Энэ хүн тивийн холбоог бүсчилсэн байдлаар хөгжүүлэхээр шинэ бодлого хэрэгжүүлж байна. Ингээд Япон, БНХАУ, Өмнөд болон Умард Солонгос зэрэг найман улсыг хамаарсан Зүүн Азийн бүсийг надад хариуцуулах санал тавьсан юм. 

Ийм хариуцлагатай албан тушаалд томилогдсоноор Азийн Бөхийн Холбооны Удирдах зөвлөлөөс гаргаж буй шийдвэр, аливаа саналд оролцох боломж бүрдэж байна. 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Азийн орнуудын бөхийн клубүүдийн дунд өндөр шагналтай лигийн тэмцээн зохион байгуулах төлөвлөгөөг танилцуулсан. Азийн дөрвөн бүсээс томилогдсон консулууд энэ санаачилгыг идэвхтэй дэмжиж байна. 

- Арабууд бөхийн спортод анхаарч байгаа шалтгаан юу вэ?

- Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) 20 жилийн өмнөөс жюү жицүгийн спортыг улсдаа нутагшуулсан. Бразилаас хамгийн өндөр чансаатай, хар бүстэй таван дасгалжуулагч авчраад хүүхдүүдийг дасгалжуулж эхэлсэн. Одоо бол АНЭУ-аас жюү жицүгийн төрлөөр олон шилдгүүд тодорч байна. 

Тэгвэл сүүлийн үед арабын орнууд бөхийн спортыг улсдаа хөгжүүлэхэд голлон анхаарч эхэлсэн. Бөхийн спортоор хичээллэснээр хүүхдүүд нь аливаа зүйлд тууштай, хөдөлмөрч болдог давуу талыг тэд анзаарсан болов уу. Яг бөхийн спортоор хичээллэж байгаа тамирчдын нэг хувь хүрэхгүй нь л дэлхийн аварга болдог. Бүгд дэлхийд алдартай тамирчин болдоггүй юмаа гэхэд аливаа зүйлд амархан шантардаггүй хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөөлнө.

Бөхийн спортоор хичээллэсэн хүн аливаа зүйлийн эцсийг нь үзэх чадвар суудаг. Өндөр ачаалалтай бэлтгэлийн ардаас ялж, ялагдаж сурснаар аливаа зүйлд амархан шантрахааргүй болдог. Барилдахаа больсон ч энэ зан чанар нь бүх талбарт ажиглагддаг онцлогтой. 

Бүсчилсэн хэлбэрээр багийн халз тулааныг зохион байгуулахад анхаарна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Та АНУ-ын NCAA буюу оюутны бөхийн холбооны Алдрын танхимд багтсан тамирчин. Энэ талаар манай уншигчдад сонирхуулбал сонин байх болов уу?

- Би хоёр талаасаа бөхийн удамтай. Аавын маань төрсөн дүү нь улсын заан Д.Бумбаяр. Ээжийн талын үеэл Монгол Улсын Гавьяат тамирчин, жүдогоор тивийн аварга, Азийн наадмын хүрэл медаль Д.Нямхүү, авга ах маань самбын дэлхийн таван удаагийн аварга Г.Жамсран гэж хүн бий.

Тиймээс багаасаа бөхийн спорт руу татагдсан юм. Анх Монгол Улсын Даян Мэргэн Д.Норжмаа эгчийнхээ гараас хөтлүүлээд "Шонхор" сургуулийн хүүхдийн дугуйланд чөлөөт бөхөөр хичээллэсэн. Дараа нь "Арслан" клубт Б.Баттулга багшийнхаа шавь болсон юм.

2003 онд насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Нью-Йорк хотноо болсон юм. Манай клубийн ах нар, багш тэргүүтэй шигшээ багийнхан Нью-Йоркийг зорьсон. Тэр үед цагийн зөрүүгээ эрт гаргах, орчиндоо дасах зорилгоор шигшээ багийнхан маань тэмцээн болохоос хэд хоногийн өмнө очсон ч бэлтгэл хийх заал олдоогүй юм. Ингээд тухайн үед АНУ-ын бөхийн холбоонд хүсэлт тавьснаар миний суралцаж байсан ахлах сургуулийн бөхийн дугуйлантай холбогдсон юм.

Энэ холбоогоо ашиглаад Монгол Улсаас цөөнгүй хүүхэд тус ахлах сургуульд суралцсан. Миний хувьд ахлах сургуулийнхаа улсын аваргад дэд байранд орсноор цаашид бөхөөрөө тэтгэлэг олж авах боломж бүрдээд Миннесотагийн их сургуульд үргэлжлүүлэн суралцсан. Их сургуульд дөрвөн жил барилдахдаа гуравт нь NCAA-гийн дивизион III аварга болсон. Оюутны лигийн түүхэнд гурван жил дараалан түрүүлсэн 11 дэх, гадаадаас ирсэн оюутны хувьд анхных нь болсон юм.

Уг амжилтаараа 2022 Сэйнт Жонсон их сургуулийнхаа алдрын танхимд орсон бол дараа жил нь ахлах сургуулийнхаа алдрын танхимд NCAA-гийн сагсан бөмбөгийн нэрт дасгалжуулагч Dan Hurley-гийн хамт нэг ангид багтсан. 

Өнгөрсөн жил АНУ-ын бөхийн дасгалжуулагчдын холбооны алдрын танхимд орсон. 

 - Америк бол бөхийн том гүрэн. Энэ улсад бөхийн эрдэмд суралцаж байсны хувьд Монголтой харьцуулахад ялгаа олон бий юу? 

- Америк бөхчүүд бүгд их дайчин барилддаг. Сэтгэлзүйн хувьд ч тамирчдыг маш сайн бэлддэг гэдгээрээ онцлог. Бие бялдар, ажиллах чадвар гээд олон тал дээр өндөр түвшинд бэлтгэлийн онцлогийг тааруулдаг давуу талууд бий. 

Америк системийг манайд хэрэгжүүлэхээр өмнө нь аймаг болгонд салбар холбоо байгуулж үзсэн. Цөөхөн хэд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан ч бүгд хамрагдаагүй. Тиймээс бүсчилсэн хэлбэрээр холбоо байгуулаад тэндээ илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулахад анхаарах хэрэгтэйг ойлгосон.

Ингээд бүсийн хооронд бүх насны ангиллаар багийн халз тулааныг зохион байгуулъя гэсэн төлөвлөгөө байгаа. Хэдийгээр бөхийн спорт ганцаарчилсан төрөл боловч багаараа өрсөлдөж болдог гэдгийг мэдэрсэн. Багаараа амжилт гаргаж эхэлснээр бүгд жигд сайжрах нөхцөл бүрдэх юм.

Мөн халз тулааны нэг давуу тал нь баруун бүсийн шилдэг 10 бөх зүүн бүсийн шалгарсан тамирчидтай өрсөлдөхөөр шоу тэмцээн зохион байгуулах боломжтой.  

- Ярилцсанд баярлалаа