Индэр    
9 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч

Санья 2026: Азийн элсний наадамд Монголын баг олуулаа оролцсон ч амжилт нь буурав

Зураг
Гэрэл зургийг Д.Нямбилэг

БНХАУ-ын Хайнань мужийн Санья аралд болсон Азийн элсний VI наадам өчигдөр өндөрлөлөө. 

Цар тахал зэрэг олон шалтгааны улмаас 10 жил өнжсөн VI наадамд 45 улсын 1,645 тамирчин 14 спортын 62 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Манай улсаас найман спортын төрөлд 51 тамирчин оролцоод нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэв.

Тухайлбал 

  • элсний бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд З.Болортунгалаг мөнгө,
  • элсний бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Төрболд,
  • жюү жицүгийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Г.Монголжин,
  • жюү жицүгийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Шүрэнцэцэг нар хүрэл медаль хүртэв.

Медалийн чанараар БНХАУ-ын баг 24 алт, 18 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэнээр тэргүүлсэн бол Тайланд 10 алт, 9 мөнгө, 9 хүрэл, Иран 9 алт, 1 мөнгө, Вьетнам 3 алт, 5 мөнгө, 5 хүрэл, Филиппин 3 алт, 4 мөнгө, 2 хүрлээр удаалав. 

Нийт 14 улс алтан медаль хүртсэн бол 31 улс ямар нэгэн медаль хүртлээ. Харин Монгол Улсын баг 19 дүгээрт жагссан байна.

10 жилийн өмнөхөөсөө ухарсан спортынхон

зураг
 
Гэрэл зургийг Ч.Ганбат

Азийн элсний наадмын түүх 2008 онд эхэлсэн. Индонезийн Бали аралд болсон анхны наадамд 41 улсын 1,665 тамирчин хурд хүчээ үзсэн билээ. Анх удаа болсон тэр наадамд манай улс нэг алтан медаль хүртэж байв. Тэгвэл 10 жилийн өмнө Азийн элсний V наадам Вьетнамын Да Нанг хотод болоход Монгол Улсаас 37 тамирчин оролцоод 7 алт, 4 мөнгө, 8 хүрэл буюу нийт 19 медаль хүртсэн нь манай оргил амжилт юм.

Тэгвэл 10 жилийн дараа эргэн ирсэн элсний наадамд спортын салбарынхан дүнгээ тавиулав. Энэ удаад түүхэндээ байгаагүй олон буюу 51 тамирчин оролцоод дөрвөн медальтай буцаж байна.

Харьцуулахад элсний наадамд Япон Улс 27 тамирчинтай оролцоод нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар багийн дүнгээр 20-д жагсав. 

Оролцсон тамирчдынхаа тоогоор манай улс тивдээ 11-т бичигдэж буй. Гэвч зарим төрлүүдэд чамлахаар байсан нь нууц биш. 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг хоёул хэсгийн шатанд Малайзын багт дийлдсэн бол элсний гандбол, волейболын төрөлд оролцсон эрэгтэй, эмэгтэй багт дийлэх өрсөлдөгч байсангүй. 

3х3 сагсан бөмбөгийн төрлийг эс тооцвол нөгөө хоёр нь элсний төрлүүд. Манай улсад одоог хүртэл элсний спортыг хөгжүүлэх тусгай заал, танхим байдаггүй. Битүү заалд бэлтгэлээ хагас дутуу базаасан болоод оролцохоор хожих талаар ярихад хэцүү. Спортын хөгжлөөр үргэлж бидний хойно бичигддэг Макаод 2023 оноос хойш элсний волейболыг эрчимтэй хөгжүүлж буй. Тэд бодлогоор олон талбай барьсны үр дүнд нь нэг эмэгтэй баг нь хасагдах шатанд шалгарав. Макаочууд эмэгтэй хоёр багтай оролцсоноос хэсгээсээ шалгараагүй баг нь Монголын эмэгтэй багийг илүүрхсэн юм.  

Сонирхуулахад дараагийн Азийн элсний наадам 2028 онд Филиппиний Себу аралд болох юм. 

Шударга бус хэмнэлт

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Элсний хөнгөн атлетикийн төрөлд өрсөлдсөн хоёр тамирчин дасгалжуулагчгүй оролцсон гээд ярих асуудал их байв.Төрийн хэмнэлтийн тухай хуулиар спортын салбар хамгийн их өртсөн. Төсөвгүй гэх шалтгаанаар зарим спортын төрлийн шигшээ багийн бүрэлдэхүүнд цомхотгол хийж буй. 

Гэтэл Үндэсний Аудитын Газар (ҮАГ)-аас Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ)-ны 2025 оны санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн шалгалтаар нас барсан ахмадуудад нэмэгдэл, шигшээ багт байдаггүй тамирчдад цалин олгох зэрэг 100 орчим зөрчил илрүүлсэн байдаг. 

Ид амжилт үзүүлэх боломжтой тамирчдаа дэмждэггүй, хэмнэдэг атлаа энэ мэт зөрчил гаргадаг нь тамирчдын амжилт, спортын хөгжилд нөлөөлж байна.