Сонирхогчдын боксын холбоо хоёр хуваагдсан цаг саяхан. Олон Улсын Боксын Холбоо (AIBA)-ны удирдлагыг хүлээн зөвшөөрөхгүй Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос хасагдах аюулд тулж ирээд байв.
Гэхдээ тэд өөр гарц олсон нь World Boxing буюу Дэлхийн Боксын Холбоо юм.
Олимп зохион байгуулах эрхтэй тул өдгөө тус холбоонд 168 гишүүн холбоотой болоод буй. Манай улс яг одоогоор тус холбооны албан ёсны гишүүн гэгдэх 123 орны нэг. Эдгээр 123 гишүүн дараагийн Их Чуулганаар санал өгөх бүрэн эрхтэй бол үлдсэн нь чуулганд оролцож болох ч санал өгөх эрхгүй байна. Тэднийг албан ёсны гишүүн болгох эсэхийг чуулганаар хэлэлцэж батлах журамтай.
Анхны чуулган өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болоход Казахстаны Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны тэргүүн, мэргэжлийн боксын дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Геннадий Головкин тус холбооны хоёр дахь тэргүүнээр сонгогдсон билээ.
Шинээр байгуулагдсан холбоо анх удаа тивийн аваргын тэмцээнээ зохион байгуулсан нь Монголын нийслэл Улаанбаатар хотод Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) байлаа.
Шар тивийн 21 орны 200 гаруй тамирчин "Аса Арена"-д 12 өдрийн турш тулалдав. Манай тамирчид таван медаль хүртсэн.
Тодруулбал
Ингэснээр манай тамирчид медалийн чансаагаар аравдугаарт жагсав. Сонирхуулахад тивийн аваргын тэмцээнийг өмнөх холбоо зохион байгуулдаг байхад 1992 оноос хойш монголчууд есөн алт, 10 мөнгө, 28 хүрэл медаль хүртсэн амжилттай.
Манай улсад болсон тивийн аваргад олимп, дэлхийн 20 гаруй медальтан оролцсон юм. Медалийн чансаагаар Казахстаны тамирчид өнгөлсөн. Тэд зургаан алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль зүүснээр нийт 13 медалиар тэргүүлэв.
Харин энэтхэгчүүд боломжит 20 медалиас 16-г "халааслав". Эрчүүд нь нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль түүсэн бол хүүхнүүд нь дөрвөн алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл буюу бүх жинд медальт байр эзэлжээ.
Тэдний араас 11 медальтай Узбекистан, найман медальтай БНХАУ-ын баг орсон бол Япон, Тайланд, Тайвань, Йорданы багаас тус бүр нэг алтан медальтан төрлөө.
Хойд Солонгосын баг гурван мөнгөн медальтайгаар есдүгээрт бичигдэв.
Ирэх жил Лос-Анжелесын олимпын эрх авах чухал тэмцээнүүд болно. Дэлхийн Боксын холбоо тивийн аваргын тэмцээнийг Казахстаны Астана хотод зохион байгуулахаар болжээ.
Нэрнийхээ эхний үсгээр бүтсэн "Triple G" хочоороо алдартай Головкин Монголд ирэх үеэрээ тэмцээний зохион байгуулалтад өндөр сэтгэгдэл төрүүлж байгааг илэрхийлсэн. Тэрбээр Монголын Боксын Холбооны Ерөнхийлөгч М.Баянмөнхийн урилгаар ирсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!