Өнөөдөр дөрөвдүгээр сарын 2. Аутизмыг таниулах дэлхийн өдөр. Хэдийгээр нэг өдрийг онцолж байгаа ч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ихэнх байгууллагын хувьд дөрөвдүгээр сарыг аутизмыг таниулах сар болгон тэмдэглэх нь бий.
Монгол Улс 2010 оноос энэ өдрийг дэлхийн бусад орны адил тэмдэглэн өнгөрүүлж буй. Аутизмын хүрээний эмгэг, түүнийг дагасан сэтгэлзүй, нийгмийн бэрхшээлийг яаж давах, эрт таньж мэдсэнээрээ ямар арга хэмжээ авах, ийм эмгэгтэй иргэдтэй хэрхэн харилцах гээд олон талаараа чухал өдөр юм.
Энэ жил Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас "Аутизм ба хүн төрөлхтөн - Амьдрал бүр үнэ цэнтэй" уриан дор энэ өдрийг тэмдэглэж байна.
Аутизмын эмгэгтэй хүний нэр төр, үнэ цэнийг хүлээн зөвшөөрөхөөс гадна зөвхөн мэдэхээс илүүтэйгээр үйлдэл хийж, хэрэгжүүлэх нь чухал гэдгийг тэд онцолжээ.
Ийм эмгэгтэй хүмүүст нийгмийн бүхий л салбарт орчныг нь бүрдүүлэх цогц бодлого хэрэгжүүлэхийг тэд сануулж байгаа аж.
Өдгөө дэлхий даяар 127 хүн тутмын нэг нь аутизмаар оношлогддог бөгөөд энэ нь нийгмийн харилцаа, зан үйлд нөлөөлдөг хөгжлийн эмгэг юм.
Хэдийгээр хүний эрхийн талаарх олон конвенцууд улс орнуудад хэрэгжиж байгаа ч иргэдийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхалт, нийгмийн оролцооны саад бэрхшээл тулгарсаар байгааг ДЭМБ анхааруулсан.
Мөн энэ төрлийн эмгэгтэй иргэдийг нийгмийн харилцаанд тэгш хамруулах нь чухал нөлөөтэйг мэргэжилтнүүд хэлж буй.
Аутизмтай иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг бусадтай ижил ажил төрөл хийж, амьдралаа авч явахад кофе баристагийн сургалтууд үр дүнтэй байдаг. Гаднын улс орнуудад 2000 оны эхээр аутизмтай хүүхэдтэй эцэг, эхчүүд хувийн кофе шоп нээж, түүндээ хүүхдээ сургаж эхэлснээр энэ үйл явц эхэлсэн.
Зөвхөн аутизм гэлтгүй тусгай хэрэгцээт иргэдийн ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд кофе шоп хамгийн тохиромжтой орчин болдог.
Тэдний жишээг хамгийн сайн хэрэгжүүлсэн улс бол Өмнөд Солонгос юм. Тодруулбал 2016 онд анх баристагийн чиглэлээр тусгай хэрэгцээт иргэдийг үнэ төлбөргүй сургахаар нэг кофе шоп Сэжун хотод нээгдэж байсан бол өдгөө улс орон даяар 88 байршилд үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.
Тус улсад ийм төрлийн кофе шопууд ихэвчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн оролцоотой байдаг. Ажилчдынх нь 70 гаруй хувь нь хөгжлийн ямар нэгэн эмгэгтэй ч үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилдэг байна.
Кофе баристагийн чиглэлээр нэг суралцсан хүн дэлхийн аль ч улсад ажиллах давуу талтай. Тусгай хэрэгцээт иргэд ажиллахад хамгийн таатай орчин, нөхцөл байдаг аж.
Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль 110 гаруй багш ажилтан, 550 орчим сурагчтай. Улаанбаатарын хамгийн их хүн амтай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг учир бусад сургуулиудаас хүүхдийн тоо харьцангуй олон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа бусад сургуулиуд 9 жилийн боловсрол олгодог бол 55 дугаар сургууль нь 12 жилийн тогтолцоотой гэдгээрээ ялгардаг.
Ахлах ангийн сурагчид зочид буудлын өрөөний үйлчилгээ, талх нарийн боов, цэцэрлэгч, ногоочин гэсэн чиглэлээр мэргэжлийн чиг баримжаа олж авч буй.
Тус сургууль "Талх нарийн боов - Бариста"-гийн мэргэжлийн анги ажиллуулаад хоёр жилийн нүүр үзэж байна. Өдгөө тус ангид 11 хүүхэд суралцаж байгаагийн хоёр нь аутизмын хүрээний эмгэгтэй. Эхний жил суралцсан хүүхдүүдээс нэг нь энэ чиглэлээрээ ажиллаж байна.
Аутизмтай хүүхдүүд дуу чимээнд хэт мэдрэг, шинэ орчинд дасан зохицоход хүндрэл тулгардаг учраас ажлын орчин хамгийн чухал нөлөөлдөг. Ажлын орчин нь бүтэцлэгдсэн байдаг тул ажиллахад хамгийн таатай орчин бүрддэг байна.
Харин тус ангийг төгсөөд бусад байгууллагад ажиллахад дэмжлэг хэрэгтэй. Бусдаас ялгаатай байдлыг нь ойлгох бол хүн ёсны хэмжүүр. Дээр дурдсан шиг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тэдэнд дэмжлэг үзүүлбэл цаашид аль ч талдаа бодит дэвшил болох юм.
55 дугаар сургуулийн сэтгэлзүйч Б.Намуун "Аутизмтай хүүхдүүдийн дийлэнх нь дуу чимээнд хэт мэдрэг байдаг. Ямар дуу чимээнд мэдрэг байх нь харилцан адилгүй ч түгээмэл шинж нь юм. Аутизмтай хүүхдийг эрт оношлуулаад багаас нь хөгжүүлбэл юмыг илүү хурдан сурах хандлагатай байдаг.
Дийлэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ оношийг сонсоод хэсэг хугацаанд "хөлдөлт"-ийн байдалд ордог. Тиймээс эцэг, эхчүүдэд ч бас сэтгэлзүйн зөвлөгөө хэрэгтэй байдаг. Мэргэжлийн хүнд үзүүлээд оношоо сонсох нэг хэрэг. Аутизмын тухай ойлголтыг бүрэн авч, судлах шаардлагатай. Хэдийгээр нэг оноштой боловч хүүхэд бүрийн зан ааш, сонирхол, давтагдмал хэв шинж нь өөр учраас эцэг, эх, асран хамгаалагч нь илүү гадарлана. Давуу, сул талыг нь мэдэж байгаа тул ингэвэл зохистой юм байна гэсэн шийдэл гаргахад нөлөөлнө" гэж онцолсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!