Индэр    
1 цаг 41 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч

Милан-Кортина 2026: Өвлийн олимпын талаарх бүх мэдээлэл

Зураг

Италид болох "Милан-Кортина 2026" өвлийн XXV олимпын наадам албан ёсоор хоёрдугаар сарын 6-наас 22-ныг дуустал үргэлжилнэ. 

Энэ удаагийн цагаан олимпод нийт 93 орны 2,871 тамирчин 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас гурван тамирчин өвлийн олимпын хоёр төрөлд хүч сорих билээ.


Олимпын нээлт хэзээ болох вэ?

зураг
 

Олимпын нээлтийн үйл ажиллагаа Милан хотын алдарт "Сан Сиро" цэнгэлдэхэд болно. Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 6-ны Баасан гарагт 20:00 цаг буюу Улаанбаатарын цагаар хоёрдугаар сарын 7-ны Бямба гарагт шөнийн 03:00 цагаас эхлэх юм.   

Гэхдээ нээлтээс хоёр хоногийн өмнө зарим спортын төрлүүд тэмцээнээ эхэлнэ. Тодруулбал хоёрдугаар сарын 4-нд уулын цанын төрөлд тамирчдын өрсөлдөөн эхэлнэ.

Мөн кёрлинг, хоккейн төрлүүд олимпын нээлтээс өмнө эхэлж, хаалтын ёслол хүртэл үргэлжлэх билээ.


Олимпын наадам хаана болох вэ?

зураг
 
Цагаан олимп хоёр долоо хоногийн турш Италийн хойд нутгаар болно. Тухайлбал Антерсельвад биатлоны төрөл болох бол Бормиод уулын цана, Кортинад чарганы төрлүүд, Ливиньод сноуборд, чөлөөт цанын төрөл, Миланд нээлтийн үйл ажиллагаа, уран гулгалт, тэшүүр, шорт трек болон хоккейн төрөл, Предаццод цанын харайлт, Тесерод өвлийн спортын хосолсон төрөл, Веронад хаалтын үйл ажиллагаа явагдах аж.

Тамирчдын хотхон зургаан хотод байрлаж буй бөгөөд тэмцээн 15 спортын ордонд болох юм.

Италичууд өвлийн олимпыг зохион байгуулсан туршлагатай улс. Тэд 1956 онд Кортинад, 2006 онд Туринд цагаан олимпыг хүлээн авсан түүхтэй.


Монголоос яаж үзэх вэ?

зураг
 

Олимпын наадмыг манай улсаас 

  • NTV/NSports,
  • MNB/MNB Sport,
  • Боловсрол суваг,
  • Тэнгэр телевиз,
  • Сүлд, 
  • С1 гэсэн зургаан телевиз найман сувгаар шууд дамжуулах юм. Тэд спортын 16 төрлийг бүгдийг нь шууд дамжуулахаар төлөвлөж буй. Аль сувгаар ямар спортыг үзэх боломжтойгоо ЭНД-ээс харж болно.

Олимп зохион байгуулах Итали нь Улаанбаатар хотоос долоон цагийн зөрүүтэй. Олимпын эхний тэмцээн орон нутгийн цагаар өдрийн 11:30 цагт эхэлбэл манайд 18:30 цаг болж байх юм.


Монголын багийн бүрэлдэхүүн

Өвлийн олимпын наадам хамгийн анх 1924 онд эхэлсэн бол монголчууд 1964 онд Австрийн Инсбурк хотод болсон наадмаар мөрөө гаргаж эхэлсэн юм. Үүнээс хойш 1976 оныг эс тооцвол бүх олимпод манай тамирчид оролцсон түүхтэй.

Гэхдээ 1994 оны олимпоос тамирчид заавал эрх авч оролцох болсноос хойш 2002 оны Солт Лэйк Ситигийн олимпод хамгийн олон буюу дөрвөн тамирчин оролцжээ. Түүнээс хойш таван олимп дараалан хоёр тамирчинтай хүч үзсэн бол энэ жил хоёр төрөлд гурвуулаа оролцох юм.

Б.Ачбадрах эрх авдаг болсноос хойш өвлийн олимпод Монголын багаас хамгийн олон удаа буюу гурав дахиа оролцож байна. Хамгийн анх 2018 онд 20 хүрээгүй насандаа олимпод хурд сорьсон амжилтаараа хамгийн залуу тамирчин болсон. Өмнө нь цанын олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн (2006, 2010), Ч.Отгонцэцэг (2014, 2018) нар тус бүр хоёр удаа олимпод уралджээ.

2018 онд 15 км-ийн цанын уралдаанд 93 дугаар байр эзэлсэн бол дөрвөн жилийн дараа богино зайд 77, 15 км-ийн уралдаанд 65 дугаар байранд орсон юм.

Харин энэ жилийн хувьд уулын цанын төрлөөр А.Ариунбат Монгол Улсаас анх удаа эрхээ авч, шинэ түүх бичсэн юм.


Манай тамирчдын олимпын хуваарь

зураг
 
  • II сарын 10-ны Мягмар гараг: 16:15 цагаас Цанын эмэгтэйчүүдийн богино зайн төрөл - Э.Ариунтунгалаг
  • II сарын 10-ны Мягмар гараг: 16:55 цагаас Цанын эрэгтэйчүүдийн богино зайн төрөл - Б.Ачбадрах
  • II сарын 16-ны Даваа гараг: 17:00 цагаас Уулын цанын эрэгтэйчүүдийн слалом төрөл - А.Ариунбат