Өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг өгчээ
E-zasag.mn-ээр гараашны татвар тэглэх санаачилга гарч, 20 хоногт 101,097 иргэн дэмжсэн аж. Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Ерөнхий сайд Н.Учралд өнөөдөр хүлээлгэн өгчээ.
Тэрбээр "Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөлөх иргэдийн саналыг уламжилж байна" гэжээ.
Гараашны татвар тэглэх санаачилга E-Zasag платформоор 100 мянган санал авсан анхны олон нийтийн өргөдөл болсон байна.
Ерөнхий сайд Н.Учрал өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд холбогдох хуулийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
“2027 он хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэдээ 1.3 их наяд төгрөгийн татварын дарамтаас чөлөөлж, ажлын байр нэмэгдүүлсэн жил байх болно” гэж Ерөнхий сайд ярьжээ.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
