М.Мандхай: Жижиг дунд бизнесийг дэмжих нэрийдлээр ₮1.1 их наядын зээл өгнө гэнэ. ЖДҮ сан шиг болох эрсдэл байгаа шүү
Улсын Их Хурал (УИХ)-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Мандхай ирэх онд нэг их наяд төгрөгийн зээлийг гаднаас авч, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл өгөх гэж буй асуудлыг шүүмжлэв.
Тэрбээр "Төсвийн танилцуулга дээр чухал асуудал бичсэн байсан. Зарчмын зөрүүтэй санал ажлын хэсэгт гаргасан боловч ямар шалтгаанаар бүү мэд татагдсан байна. Энэ нь юу вэ гэвэл, дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хөтөлбөр эхлүүлэх гэсэн.
Төрийн банк 2026 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас хуваарилах 100 тэрбум төгрөгийн ногдол ашгийг банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр 300 сая ам.долларыг олон улсын зах зээлээс босгох юм байна. Үүний үр дүнд эдийн засагт шингээж, шинээр ажлын байр бий болгоно гэж оруулсан.
Гэвч ингэж бичсэн байгаа нь хавсралт дээр шалгуур үзүүлэлт байхгүй. Хэдэн ажлын байр аль салбарт бий болгож, ямар бүтээгдэхүүн хийх гэж байгаа нь тодорхой бус. Зээлийн хүүгийн татаасыг үйлдвэрлэлийн бодит өсөлт, ажлын байр, экспорт, дотоодын худалдан авалттай уялдуулна гэсэн. Энэ хөтөлбөр дээр ямар ч тийм уялдааны нөхцөл байдал харагдсангүй.
Бид энэ хүнд нөхцөл байдалд дахиад зээл гаднаас босгож, Төрийн банк цэвэр ашгийг төсөвт бүрдүүлэхгүйгээр жижиг дунд бизнесийг нэрийдлээр зөвхөн нэг банк хэрэгжүүлэх гэж байна. Бусад арилжааны банкийг оруулаагүй. Ингээд яривал ипотекийн зээлтэй ямар ч ялгаагүй нөхцөл байдал үүсэх гэж байна.
Нөгөө л дарга нарын танилын бизнесүүд энэ зээлийг авна. Манайд өчнөөн хөнгөлөлттэй зээл гардаг ч яг бодитой эдийн засаг тэлээд, ажлын байр нэмэгдсэн зүйл байна уу. Үр дүнг яаж хэмжих нь тодорхойгүй, танилцуулга хавсралтад тусгаагүй байхад яагаад ийм мэдээлэл оруулж ирсэн бэ.
1.1 их наяд төгрөгийг жижиг дунд бизнесийг дэмжих нэрийдлээр гаргах гэж байгаа шүү. Зөвхөн Төрийн банк хэрэгжүүлнэ. ЖДҮ сан шиг маш олон хөнгөлөлттэй зээлийг гаргаад бодит үр дүн гарахгүй байх эрсдэл байгаа шүү. Хэрэв хэрэгжүүлэх гэж байгаа бол бусад арилжааны банкийг татаж оруулах хэрэгтэй" гэлээ.
Харин үүний хариуд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "М.Мандхай гишүүн ямар нэгэн санал ирүүлээгүй. УИХ-ын даргын гаргасан саналыг яриад байх шиг байна. Тэр нь "бизнес эрхлэгч аж ахуйн нэгж эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын чадавхыг дэмжих, жилийн 10 хувийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд гадаад зах зээлээс эх үүсвэр татаж, арилжааны банк хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, холбогдох зардлыг 2027 оны төсвийн төсөвт тусгагдсаны дагуу шийдвэрлэх" гэсэн саналыг гаргасан.
Энэ санал ажлын хэсэг дээр дэмжигдээгүй. Яагаад гэвэл 10 хувийн хүүг төсөв дагасан тогтоол дээр заах нь зохимжгүй гэж үзсэн. Татаас гэдэг асуудлыг тухайн үеийн мөнгөний бодлоготой уялдаж явах ёстой учраас хүү заах нь зохимжгүй гэж үзсэн. Төсөв дээр ямар нэгэн банкны нэр заагаагүй учраас арилжааны банкууд оролцоно гэсэн үг" гэж хариулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
