ФОТО: Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний түүхт 120 жилийн ойг тохиолдуулан “Жаргаагүй нар" жүжгийг шинэчлэн толилуулна
Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл, түүхэн намтраас сэдэвлэн бүтээсэн “Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг энэ сарын 5-наас эхлэн Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа толилуулахаар болжээ.
Энэ жил Улсын Драмын Эрдмийн Театр (УДЭТ)-ын 95 жилийн ой, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаа түүхэн цаг үе юм.
Түүхт ойг тохиолдуулан Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшингийн найруулга "Жаргаагүй нар" жүжгийг толилуулахад бэлэн болсныг УДЭТ-ын Уран сайхны удирдагч, СТА Б.Хишигзаяа хэллээ.
Мөн тэрбээр "Одоогоос 10 жилийн өмнө их зохиолчийн 110 жилийн ойд зориулж Д.Нацагдоржийн тухай жүжгийн зохиолын уралдааныг зарлаж байсан.
Тухайн үед энэхүү уралдаанд Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол шалгарч, Ч.Түвшин найруулагчийн жүжгийг 10 жилийн өмнө тавьж байсан.
Өдгөө Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 21-ний тогтоолоор энэхүү жүжгийг сэргээн шинэчлэн найруулах Соёл яамны бодлого чиг үүргийн хүрээнд Монголынхоо ирээдүй хойч үеийн залууст "Жаргаагүй нар" жүжгийг сэргээн шинэчлэн тавихаар болж байгаадаа туйлын их баяртай байна" гэдгийг хэллээ.
Үргэлжлүүлэн "УДЭТ 95 жилийн ойгоо өргөн дэлгэр цар хүрээтэй угтахаар бэлтгэл ажилдаа орсон.
2026 оны арваннэгдүгээр сарын 11, 12-нд манай тэгш ойн тэмдэглэлт өдөр тохиодог. Өөрөөр хэлбэл 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ний Засгийн газрын 50 дугаар тогтоолоор Улсын төв театр байгуулагдсанаас хойш 90 гаруй жил өнгөрч өдгөө түүхт ойгоо тэмдэглэх гэж байна.
Энэхүү баярыг Ерөнхийлөгчийн ивээл дор арваннэгдүгээр сарын 12-нд Төрийн ордонд зохион байгуулахаар болсон. Бид 95 жилийнхээ тэмдэглэлт ойгоор үзэгч, уншигч түмэндээ судалгааны бүтээлүүдээ толилуулахаар бэлдэж байгаа" гэв.
УДЭТ нь:
- 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ний өдөр байгуулагдаж
- 1961 онд их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит театр
- 1981 онд “Улсын Драмын Академик Театр" болсон.
Энэ бүх хугацаанд театрын үе үеийн уран бүтээлчид, найруулагчид, эрхэм зохиолчид, эрхэм үзэгчдийн хамтын хамгийн том гавьяа бол эх хэлээ хамгаалж, монгол хэлний ариун дагшин байдлыг хангахад манай уран бүтээлийн бодлого холбогдож байдаг хэмээн тус театрын хамт олон хэлж байлаа.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
