Нэрт теннисчин Рафаэль Надаль "Реал Мадрид" клубийн Удирдах зөвлөлийн гишүүн болов

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Талбайн теннисний Их Дуулгын 22 удаагийн аварга, Испанийн нэрт тамирчин Рафаэль Надалийг хөлбөмбөгийн "Реал Мадрид" клубийн Удирдах Зөвлөлийн гишүүнээр томилох санал дэвшүүлжээ. 

Уг саналыг тус клубийн Ерөнхийлөгч Флорентина Перес Надальд тавьсан бөгөөд испани эр хүлээж авснаа мэдэгдсэн байна. Ингээд Лхагва гарагт болсон Удирдах Зөвлөлийн хурлаар шинэ гишүүнийг баталгаажуулжээ. 

Эзэн хааны "Реал Мадрид" клубийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн нэг Р.Надаль өмнө нь хүндэт гишүүн болж байсан юм. Харин энэ удаад Удирдах Зөвлөлд багтсанаар тус хөлбөмбөгийн багийн 19 дэх гишүүн нь болж байна.

Р.Надаль 2023 онд өгсөн нэгэн ярилцлагадаа ирээдүйд тус багийн Ерөнхийлөгч болох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн тавдугаар сард түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшихээр төлөвлөж байна гэх цуурхал тархсан ч тэр үгүйсгэжээ. 

Өдгөө 79 настай Флорентина Перес өнгөрсөн зургаадугаар сард клубийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон. Тэрбээр 2030 оныг хүртэл багийг тэргүүлэх юм.

 

Эх сурвалж: Reuters