Бага ангийн багш асан Хятадын тэрбумтнуудын эгнээнд дэвшжээ
Forbes сэтгүүлийн мэдээлснээр технологийн томоохон компаниудад наалдамхай тууз болон бусад наалддаг бүтээгдэхүүн нийлүүлдэг компанийн эзэн, бага сургуулийн багш асан эрхэм Хятадын тэрбумтнуудын эгнээнд нэгджээ.
Tesla, Apple зэрэг томоохон брэндүүдэд зориулсан наалдамхай материал үйлдвэрлэдэг "Crown New Materials Technology" компани Мягмар гарагт Шэнжэний хөрөнгийн бирж дээр хувьцаагаа анх удаа арилжаалж эхэлснээр тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Майкл Май тэрбумтнуудын эгнээнд дэвшсэн байна.
Хятад эх газарт үйл ажиллагаа явуулдаг хоёр дахь том хөрөнгийн бирж болох Шэнжэний биржийн мэдээлснээр тус компанийн хувьцааны үнэ 16.98 юаниас ($2.55) огцом өсөж, 150.58 юаньд ($22.57) хүрсэн нь 787 хувийн өсөлт болжээ.
Forbes сэтгүүлийн мэдээлснээр Австралийн иргэн, Хонконгийн оршин суугч Майкл Май нь тус компанид эзэмшдэг хувьцааныхаа ачаар $2.5 тэрбумын хөрөнгөтэй болсон байна.
Одоо 62 настай тэрбээр өмнө нь Хятадын өмнөд хэсэгт орших Жуншань хотод бага сургуулийн багшаар ажиллаж байжээ. 2000 онд байгуулагдсан компанийнх нь төв байр ч мөн энэ хотод байрладаг.
Түүний эгч, компанийн дэд захирлаар ажилладаг 64 настай Май Хуйшя мөн тэрбумтнуудын эгнээнд нэгдсэн бөгөөд Forbes сэтгүүлийн мэдээлснээр түүний эзэмшиж буй хувьцааны үнэлгээ $2 тэрбумд хүрчээ.
Өчигдөр тус компани хөрөнгө оруулагчдад хандан "ухаалгаар хөрөнгө оруулахыг" уриалсан мэдэгдэл гаргасан байна. Үүний нөлөөгөөр Лхагва гарагийн өглөө хувьцааны ханш буурч, нэгж хувьцаа нь 77 юань ($12) орчим болжээ.
Crown New Materials Technology компани Хятадад дөрөв, Вьетнамд нэг үйлдвэртэй бөгөөд автомашины дээврээс эхлээд ухаалаг утасны хагас дамжуулагч хүртэлх төрөл бүрийн бүтээгдэхүүний эд ангиудыг хооронд нь нааж, бэхлэх зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна.
Сүүлийн саруудад Хятадын хөрөнгийн зах зээл хүндрэлтэй тулгараад байгаа бөгөөд үүнд иргэдийн хэрэглээний зардал суларсан болон хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалтын "хөөс" хагарч болзошгүй гэсэн болгоомжлол нөлөөлж байгаа.
Хятадын гол хувьцааны индексүүд зургаадугаар сард оргил цэгтээ хүрснээсээ хойш 20 гаруй хувиар унаад байна.
Бээжингийн эрх баригчид хоёр долоо хоногийн өмнө биржээр арилжаалагддаг сангуудад (ETF) $19 тэрбумын хөрөнгө оруулах арга хэмжээ авчээ. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гаалийн татварын бодлого дэлхийн зах зээлийг донсолгож байсан 2025 оны эхэн үеэс хойших хамгийн том хөндлөнгийн оролцоо болж байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
