Э.Товуудорж: Манай улсад дийлэнхдээ Турк улсаас хар тамхи, мансууруулах бодис орж ирж байна
Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохин байгуулж, энэ оны арваннэгдүгээр сарын байдлаарх гэмт хэрэг шийдвэрлэлтийн талаараа мэдээллээ.
Энэ үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж дараах мэдээллийг танилцуулав.
Ингэснээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад илрүүлсэн хэрэг 1.8, холбогдогч 1.4, бодис 1.5 дахин өссөн үзүүлэлт гарав. Энэ гэмт хэрэгт хүн, хуулийн этгээдээс гомдол гаргаж ирдэггүй. Цагдаагийн байгууллын Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид илрүүлдэг онцлогтой.
Гадаад зах зээлд нийлүүлэлтийн таслан зогсоох зорилгоор улсын хэмжээнд 40 хүнийг интерполын шугамаар эрэн сурвалжилж зарласан. Энэ оны байдлаар улаан булантад зарласан долоо, хөх булантад зарласан 13, нийт 20 этгээдийг тухайн улсад нь баривчлуулсан. Эрхзүйн харилцан туслалцааны хүрээнд авч ирэхээр ажиллаж байна.
Энд нэмж дурдахад Монгол Улсын 43 иргэн гадаад улсад ял шийтгэл эдэлж байна. БНХАУ 29, БНСУ-д найм, ОХУ-д нэг, ХБНГУ-д хоёр, Вьетнам улсад нэг, Япон улсад нэг, Турк улсад нэг хүн ял эдэлж байгаа.
Олон нийтийн сүлжээнд Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлдөг, холбогдон шалгагддаг, хураагдсан бодисыг зардаг гэж яригдсан. Манай албаны алба хаагчид холбогдон шалгагдсан асуудал нэг ч байхгүй. Хураан авсан бодисыг ашиглах боломжгүй.
Мэдээллийн дараа хурандаа Э.Товуудорж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Манай улсад Хар тамхи, мансууруулах бодис хаанаас орж ирж, хэн худалдаалаад байгаа вэ?
- Энэ төрлийн бодис нь гадаад улсаас, дийлэнх хувь нь Турк улсаас орж ирж байна. Үүнтэй холбоотойгоор шалгалтын ажиллагааг чиг үүргийн байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулдаг.
- Цахим орчинд нэр бүхий хүмүүсийг хар тамхитай холбоотой гэсэн. Тухайлбал "Премьер Тайлор"-ын захирал Т.Зориг гэдэг хүн хар тамхитай холбогдсон гэж үнэн үү, хяналт шалгалт явуулж байгаа юу?
- Таны асуусан хүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын зөвшөөрлийн хүрээнд мэдээлэл өгөх ёстой. Шалгагдаж байгаа юу гэвэл шалгагдаж байгаа.
- Хар тамхитай холбоотой хэргүүдэд ихэнхдээ улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд орооцолддог. Тиймдээ ч мөрдөн шалгах үйл ажиллагаанд нөлөөлсөн гэх асуудал яригддаг. Үүнд тайлбар өгнө үү?
- Хариуцлагатайгаар хэлье, ямар нэгэн байдлаар хэрэгт нөлөөлөх боломж хуулиараа байхгүй. Олонд нэртэй, УИХ-ын гишүүдийн хүүхдүүд гэж ярьж байх шиг байна. Тэр бол 2017, 2018 оны үеийн асуудал бөгөөд шалгагдаад, олон нийтийн сүлжээнд мэдээлэл нь түгсэн байсан. Надад дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
