Бараг 22 жилийн турш ажиллаад ашиглалтаас гарсан НАСА-гийн сансрын телескоп дэлхийн агаар мандалд орж иржээ
Орчлон ертөнцийн нууцыг тайлахаар бараг 22 жилийн өмнө дэлхийгээс хөөрсөн НАСА-гийн “Neil Gehrels Swift” сансрын телескоп Лхагва гарагт дэлхийн агаар мандалд орж ирсний дараа галт бөмбөлөг болон шатжээ.
АНУ-ын Сансрын Хүчний мэдээлснээр ойролцоогоор 1,450 кг жинтэй уг сансрын хөлөг Индонезын арлуудын орчимд, орон нутгийн цагаар өчигдөр орой 7:39 цагийн үед дэлхийн агаар мандалд орж ирсэн байна.
Хөлгийн ихэнх хэсэг шатаж үгүй болох ч зарим хэсэг нь шаталгүй үлдэж болзошгүй гэж НАСА таамаглаж байв. Үлдэгдэл хэсгүүд хуурай газарт унасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өмнө нь НАСА тооцоолохдоо "Дэлхий дээр хэн нэгэнд хохирол учрах эрсдэл маш бага буюу магадлалыг нь ойролцоогоор 2,100 тохиолдол тутамд нэг" гэж үзэж байжээ.
Свифтийг хөөргөж байх үед ашиглалтын хугацаа дууссан хөлөгтэй холбоотой аюулгүй байдлын шаардлагууд өнөөдөртэй харьцуулахад нэлээд сул байсан тул ийм эрсдэл үүсгэж байгааг "The Aerospace Corporation" байгууллага мэдээлсэн байна.
Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Паркер Вишикийн хэлснээр 2019 онд шинэчлэгдсэн, тойрог замын хог хаягдлыг бууруулах одоогийн стандартад "удирдлагагүйгээр агаар мандалд буцаж орж ирэх үед хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах магадлал 10,000 тохиолдол тутамд нэгээс бага байх ёстой" гэж заасан байдаг гэнэ.
Свифт хэзээ нэгэн цагт урьдчилан таамаглах боломжгүйгээр дэлхийд унаж болзошгүйг НАСА эртнээс мэдэж байсан юм. Тиймээс өнгөрсөн долдугаар сард уг хөлгийг унахаас сэргийлэх ажиллагааг зоригтой эхлүүлж байв. Ингэхдээ сансрын технологийн нэгэн стартап компанийг хөлсөлж, зохион бүтээсэн роботоор нь уг хөлгийг дэлхийн өндрийн тойрог зам руу түлхэж, холдуулах ажиллагааг явуулах гэж байсан юм.
Хэрэв энэ оролдлого амжилттай болсон бол Свифтийн ажиллах хугацааг дахин арван жил эсвэл түүнээс ч илүү урт хугацаагаар сунгах боломжтой байсан ч харамсалтай нь бүтэлгүйтэж байлаа. Уг сансрын хөлөг эцэст нь дэлхийгээс ердөө 275 километрын өндөрт бууж ирснээр судлаачид аравдугаар сарын 20-ны өдөр түүний ажиглалтын дуран авайг бүрмөсөн унтраах команд илгээжээ.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд нарны идэвхжил нэмэгдсэн нь Свифтийн төгсгөлийг улам хурдасгасан байна.
2004 оны арваннэгдүгээр сард хөөрснөөсөө хойш дэлхийн нам тойрог замд ажиллаж ирсэн Свифт ажиглалтын хөлөг нь астрофизикийн олон зориулалттай хэрэгсэл болж байсан бөгөөд одоогоор түүнийг орлох өөр ажиглалтын төхөөрөмж бэлэн болоогүй байгаа.
Хурдан нисдэг шувууны нэрээр нэрлэгдсэн энэхүү дуран нь хар нүхний дэлбэрэлт зэрэг маш богино хугацаанд үргэлжлээд өнгөрдөг сансрын үзэгдлүүдийг ажиглахын тулд чиглэлээ маш хурдан өөрчлөх чадвартай байв. Уг дуранг анх орчлон ертөнц дэх хамгийн хүчтэй дэлбэрэлтүүд болох "гамма туяаны тэсрэлт"-ийг (gamma-ray bursts) судлахаар зохион бүтээсэн боловч судлаачид бас сансрын бусад үзэгдлүүд, астероид, солируудыг ажиглахад ашигладаг байжээ.
Хэдийгээр Свифтийн ашиглалтыг уртасгах оролдлого нь бүтэлгүйтсэн ч НАСА одоо сансрын уудамд ажиллаж буй бусад хөлгүүддээ ижил арга хэмжээ авахаар төлөвлөж буй бололтой.
Өнгөрсөн долоо хоногт тус байгууллага домогт Hubble сансрын телескопын ашиглалтыг уртасгах шийдлийн саналаа ирүүлэх урилгыг хувийн компаниудад илгээжээ.
Уг урилгын баримт бичигт өгүүлснээр Hubble хөлгийн тойрог замаасаа гарах магадлал 2032 онд 10 хувь, 2033 онд 50 хувь болж нэмэгдэх гэнэ. 1990 онд хөөргөсөн энэ хөлөг сансрын уудмын тухай маш их мэдээлэл цуглуулж, орчлон ертөнцийн талаар эрдэмтдийн ойлголтыг бүрмөсөн өөрчилсөн билээ. НАСА-гийн бичиг баримтад дурдсанаар Hubble-ийг орлох хөлөг 2040 оноос өмнө гарч ирэх төлөвгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
