“ЭНХ-МЭНД” хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймагт 1,340 үзлэг хийж, 25 мэс заслын тусламж үзүүллээ
“Монголын Алт” (МАК) ХХК болон Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-ийн хамтран хэрэгжүүлдэг “ЭНХ-МЭНД” хөтөлбөр дөрөв дэх аймаг болох Дундговь аймагт амжилттай хэрэгжлээ.
Хөтөлбөрийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс засал, Бөөрний мэс засал, Хүүхдийн чих, хамар, хоолойн мэс засал, Хүүхдийн бөөр, дотоод шүүрэл, Хүүхдийн зүрх судас зэрэг чиглэлээр мэргэшсэн нийт 12 төрөлжсөн тасгийн 17 эмч, мэргэжилтэн Дундговь аймгийн Мандалговь хот, Баянжаргалан, Дэлгэрхангай сумдад дөрвөн өдрийн турш ажиллаж, эх, эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулан хүргэлээ.
Энэ хугацаанд нийт 1340 удаагийн үзлэг, оношилгоо хийснээс Мандалговь хотод 669, Баянжаргалан суманд 168, Дэлгэрхангай суманд 503 үзлэг хийлээ. Хүүхэд, нярайн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны явцад зүрхний хоёр хавтаст хавхлагын өөрчлөлттэй зургаан тохиолдлыг шинээр оношилж, шаардлагатай тусламж үйлчилгээнд хамруулах боломжийг бүрдүүлсэн юм.
Хөтөлбөрийн өөр нэгэн чухал үр дүн нь эх, эмэгтэйчүүд болон хүүхдийн чиглэлээр нарийн мэргэжлийн нийт 25 удаагийн мэс засал амжилттай хийсэн явдал байв. Үүнд,
- Цавь, хуухнагийн ивэрхийн 3 мэс засал,
- Тээрхийн арьсны нарийсал засах 4 мэс засал,
- Шигдсэн хумс засах 2 мэс засал,
- Төмсөг буулгах 2 мэс засал,
- Хярзан нөхөн сэргээх 3 мэс засал,
- Кесар хагалгааны 1 тохиолдол,
- Умай болон хоёр талын гуурсан хоолой авах 2 мэс засал,
- Тагнай болон нармайн гүйлсэн булчирхай авах 6 мэс засал зэрэг аймгийн хэмжээнд ховор хийгддэг нарийн төвөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн юм. Тухайлбал, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн чихний мэс заслыг анх удаа ЭХЭМҮТ-ийн чадварлаг хамт олон амжилттай хийсэн явдал байлаа.
Хөтөлбөр нь үзлэг, оношилгоо, эмчилгээ хийхээс гадна орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэдэг онцлогтой. Энэ хүрээнд Дундговь аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын 65 эмч, мэргэжилтнийг нийт 34 цагийн сургалтад хамруулж, 16 цагийн лекц, 18 цагийн дадлага сургалт зохион байгуулан эх, эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн мэс заслын тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээ, асаргаа сувилгааны чиглэлээр мэдлэг, ур чадварыг нь дээшлүүллээ.
Мөн ЭХЭМҮТ болон Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хүүхэд болон эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг орон нутагт хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн, эндэгдэл гарсан тохиолдол бүрд ЭХЭМҮТ-тэй цахимаар холбогдон мэргэжил арга зүйн зөвлөгөө авч ажиллах тогтолцоог сайжруулах, цаашлаад хоёр байгууллагын стратеги төлөвлөлт, үйл ажиллагааны чиглэлээр туршлага солилцон хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Ийнхүү нийгэмд хамгийн үнэт капитал болох хүн ард, тэр дундаа ирээдүйн хөгжлийг тодорхойлох хүүхэд багачуудын төлөө НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн элч “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүний санаачилсан “ЭНХ-МЭНД” хөтөлбөр нь дөрөв дэх аймагтаа нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийслэлээс алслагдсан бүс нутгийн иргэдэд ойртуулахын зэрэгцээ орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
