Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн тэгш ойг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар нэрэмжит гудамж бий болгох тухай асуудлыг хэлэлцжээ.
Хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 11,15,17,18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 11, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах “Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам “ хүртэлх 2.8 километр гудамжийг “Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын гудамж” хэмээн шинэчлэн нэрлэхээр тогтсон байна.
Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамжны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугч иргэн болон тухайн гудамжны хаягжилт, бүртгэл мэдээлэлтэй холбоотой этгээдэд хамаарах юм байна.
Түүнчлэн гудамжны нэршлийг газрын бүртгэл, хаягийн мэдээлэл, нийтийн үйлчилгээ, шуудан холбоо, түргэн тусламж, онцгой байдал болон бусад холбогдох үйлчилгээний мэдээллийн системд тусгах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
