ФОТО: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөлөө
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол өнөөдөр боллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга нар, Маршал Ю.Цэдэнбалын гэр бүл, нутгийнхан, "Эрдэм судлалын төв- Ю.Цэдэнбал академи"-ийн төлөөлөл оролцов.
Өнөөдрийн арга хэмжээг нээж Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал үг хэлэв. Тэрбээр “МАН, нийт гишүүд та бид эгнээнээсээ төрүүлсэн энэ эрхэм хүмүүнийг бахархан дурсах төдийгүй, түүний амьдрал, үйл ажиллагааны сайн үйлээс суралцаж, сургамж авч ХХI зууны хөгжлийн сорилтуудыг даван туулж, улс эх орон, ард иргэдээ дэвшил хөгжлийн замд түүчээлэн хөтчилөх түүхэн үүрэг ногдож байна.
МАН-ын 105 жилийн 40 жилд нь Ю.Цэдэнбал дарга тэргүүлж ажилласан нь намдаа хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч, улс төрийн лидер, ёс суртахууны манлайлагч байсны нотолгоо юм. Монголын шинэ түүхийн хагас зууныг хамрах нэгэн түүхэн үед эрх баригч МАН-ыг удирдан хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг тэргүүлэн ажиллаж, эх орны тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн ардын сайн сайхны төлөө өөрийн бүхий л амьдралаа зориулсан үндэсний удирдагч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энх тайван, нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын ариун гэгээн үйл хэргийг хүндэтгэн дурсаж, түүний хүсэл мөрөөдөл байсан хүнлэг, ардчилсан, иргэний нийгмийг цогцлоохын төлөө хичээн чармайхыг намын нийт хамт олондоо уриалж байна. Их удирдагчийн төрөл төрөгсдөд гүн хүндэтгэл илэрхийлье” гэв.
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд МАН-ын Хяналтын ерөнхий хороо, намын дэргэдэх байгууллагууд, ахмад, залуучууд, эмэгтэйчүүд, оюутны холбоо болон намын Удирдах зөвлөлийн ажлын албаны төлөөллүүд оролцлоо.
Түүнчлэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, иргэдийн төлөөлөл, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд зэрэг өргөн бүрэлдэхүүн байлцлаа гэж Монгол Ардын Намаас мэдээлэв.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

