Трамп “Хиймэл Оюуны Зэвсэгт Хүчин” байгуулж, тэргүүнийг нь томилох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бямба гарагт сошиал сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шинээр “Хиймэл Оюуны Зэвсэгт Хүчин” (AI Force) байгуулах болон түүний тэргүүн буюу хиймэл оюуны асуудал эрхэлсэн шинэ зөвлөхийг томилохоор төлөвлөж байгаагаа зарласан ч энэхүү санаачилгынхаа талаар болон хэрхэн хэрэгжүүлэх арга замын талаар дэлгэрүүлээгүй байна.

Вашингтоны хууль тогтоогчдын дунд сүүлийн үед хиймэл оюуны технологийн болзошгүй аюул эрсдэлийн талаар болгоомжлол нэмэгдсээр байгаа.

Энэ сарын эхээр Anthropic компанийн мэргэжилтэн асан Жэйкоб Коксон “хиймэл оюуныг хөгжүүлж буй хүмүүс энэ технологи нь арван жилийн дараа гэхэд биднийг бүгдийг устгаж болзошгүй гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг” хэмээн мэдэгдэж байв.

Харин Трампын хувьд хиймэл оюуны технологитой холбоотой болгоомжлолыг удаа дараа няцааж, нэмэлт зохицуулалт шаардлагагүй гэж үзсэн хэвээр байна.

“Бид энэхүү гайхалтай салбарын өсөлт хөгжлийг ямар нэг байдлаар сааруулах, эсвэл боомилохгүй. Харин ч бид үүнийг өсөж хөгжихөд нь дэмжиж, тусалж, анхаарал тавих болно. Гэхдээ бид сөрөг үр дагавар, хууль бус үйлдлийг хянах болно. Үүнийг бид одоо байгаа эрүүгийн болон иргэний эрх зүйн тогтолцоогоо ашиглан маш хялбархан шийдэх боломжтой” гэж Трамп мэдэгджээ.

Хэрвээ тэр энэхүү санаачилгаа хэрэгжүүлбэл хоёр дахь удаагаа хиймэл оюуны асуудал хариуцсан зөвлөх томилох юм.

Энэ албан тушаалыг өмнө нь венчур хөрөнгө оруулагч Дэвид Сакс хашиж байгаад өнгөрсөн хавар өөр ажилд томилогдож байв.

Сакс нь Трампын маргаантай байр суурийг дэмждэг байсан юм.

Цагаан ордон одоогоор Трампын мэдэгдэлтэй холбоотой тайлбар хийгээгүй байна.

Трампын энэ мэдэгдэл Пүрэв гарагт Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзахын өмнө гарчээ. Хоёр улс хиймэл оюуны технологийн салбарт тэргүүлэхийн төлөө ширүүн өрсөлдөж, эдийн засаг, батлан хамгаалах салбарынхаа гол тулгуур болгохыг зорьж байгаа.

Хэрвээ энэ салбарт төрөөс хатуу хяналт, зохицуулалт нэвтрүүлбэл Америкийн компаниудын Хятадын компаниудтай өрсөлдөх боломж хязгаарлагдана гэж Трампын засаг захиргаа болон зарим технологийн салбарын манлайлагчид үздэг.

Ши Жиньпиний айлчлалыг угтуулан Ням гарагт АНУ-ын сангийн сайд Скот Бессент, Хятадын засгийн газрын ерөнхий сайдын орлогч Хэ Лифэнь нар Нью-Йорк хотын JPMorgan Chase банкны төв байранд хиймэл оюуны аюулгүй байдал, худалдаа, эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэх гэж байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters