Марадонагийн алдарт “Бурхны гар” гоолын бөмбөг АНУ-д дуудлагаар зарагдах гэж байна
Мексикт болсон 1986 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) үеэр Аргентины шигшээ баг Английн багийг хожиход Диего Марадона алдарт “Бурхны гар”-тай гоолоо оруулж байсан түүхтэй.
Тэгвэл уг гоолыг оруулахад ашигласан бөмбөгийг энэ сарын сүүлээр АНУ-д дуудлагаар худалдах гэж байна. Бөмбөгний үнэ $10 сая хүрэх урьдчилсан таамаг гарчээ.
Эстадо Ацтека цэнгэлдэх хүрээлэнд болсон шөвгийн наймын шатны тоглолтод Марадонагийн оруулсан энэ гоолын ачаар Аргентинчууд Английн багийг 2:1 харьцаагаар хожиж байв.
Тоглолтын дараа Марадона өөрийн гоолыг оруулахад “Марадонагийн толгой бага зэрэг, Бурхны гар бага зэрэг оролцсон” гэж тайлбарлаж байжээ.
Тухайн ДАШТ-д Аргентины баг түрүүлж, хоёр дахь удаагаа Алтан Цом өргөж байв.
Техаст төвтэй Heritage Auctions байгууллага наймдугаар сарын 21-аас 23-ны хооронд болох дуудлага худалдааны үеэр уг бөмбөгний үнийг $2.5 саяас эхлэн дуудахаар болжээ.
“Үүнийг би хөлбөмбөгийн ертөнцийн түүхэнд хамгийн үнэ цэнтэй бөмбөг гэж бодож байна” гэж Heritage Auctions-ийн спорт хариуцсан дэд ерөнхийлөгч Дан Имлер хэлсэн байна.
Бас энэ нь тухайн тоглолтод Английн хэд хэдэн хамгаалагчийг хуурч хийсэн Марадонагийн “Зууны гоол”-ын бөмбөг мөн болохыг тэр баталжээ.
“Хоёр гоол хоёулаа маш алдартай, мартагдашгүй гоолууд юм” гэж Имлер хэлсэн байна.
2020 оны арваннэгдүгээр сард нас барсан Диего Марадонагийн энэ тоглолтын үеэр өмсөж байсан цамц $9.3 саяар зарагдсан нь одоогоор хамгийн өндөр үнэ хүрсэн хөлбөмбөгийн өмсгөлийн дээд амжилтыг эзэмшиж байгаа.
Фолклэндийн арлуудын газар нутгийн түүхэн маргаан Аргентин, Их Британийн хооронд одоог хүртэл үргэлжилсээр байдаг.
Улс төрийн энэ маргаан зөрчил энэ оны ДАШТ-ий үеэр хоёр улсын шигшээ багууд хагас шигшээ шатанд таарахад дахин хурцадсан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
