АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын олон нийтийн дэмжлэг түүхэн доод хэмжээндээ хүрэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын олон нийтийн дэмжлэг 32 хувьд хүрч буурсан нь түүний улс төрийн замналын түүхийн хамгийн доод түвшин болжээ.

Үүнд Ираны эсрэг явуулж буй дайн, амьжиргааны өртгийн өсөлтийг хэрхэн зохицуулж байгаа байдалд нь өгсөн Бүгд Найрамдах Намын дэмжигчдийн үнэлгээ гол нөлөө үзүүлсэн байна.

Ням гарагт өндөрлөсөн дөрөв хоногийн хугацаатай судалгаагаар Бүгд Найрамдах Намын дэмжигчдийн 73 хувь Трампын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь долоо хоногийн өмнөх 82 хувиас буурсан үзүүлэлт болжээ.

Тухайн үед түүний ерөнхий дэмжлэгийн түвшин 35 хувь байсан юм.

Трамп инфляцыг бууруулж, гадаад дайн мөргөлдөөнүүдийг зогсоох амлалттайгаар 2025 оны нэгдүгээр сард Цагаан ордонд дахин ирсэн билээ.

Түүнийг тангараг өргөсний дараахан олон нийтийн дэмжлэг 47 хувьтай байжээ.

Тэгвэл шинэ судалгаанд оролцогчдын ердөө 17 хувь нь түүний амьжиргааны өртгийн асуудлыг шийдвэрлэж байгаа байдлыг дэмжсэн байна.

Энэ нь арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох Конгрессын завсрын сонгуулийн үр дүнд нөлөөлөх хамгийн чухал асуудал юм.

Трампын Бүгд Найрамдах Нам завсрын сонгуульд Конгресс дахь цөөн тооны суудлын давамгайллаа хадгалахын төлөө өрсөлдөнө.

Гэвч хоёрдугаар сард Ираны эсрэг дайныг Трамп эхлүүлснээс хойш бензин, түлшний үнэ огцом өссөнд сэтгэл дундуур байгаа Бүгд Найрамдахчуудын тоо нэмэгдсээр байна.

Сүүлийн санал асуулгаар Трампын амьжиргааны өртгийн асуудлыг шийдвэрлэж буй байдлыг дэмжихгүй байгаа Бүгд Найрамдахчуудын тоо анх удаа дэмжиж байгаагаасаа давж, 44 хувиас 51 хувь болжээ.

Reuters/Ipsos-ийн уг судалгааг цахим хэлбэрээр явуулж, АНУ даяар оршин суудаг насанд хүрсэн 1,277 хүнийг хамруулсан байна.

Судалгааны алдааны магадлалыг 3 хувиар тооцжээ.

 

Эх сурвалж: Reuters