Барилгын ажилчид кабель санамсаргүй тасалсны улмаас АНУ-ын томоохон нисэх буудлуудын ажиллагаа доголдов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Даваа гарагт барилгын ажилчид агаарын хөдөлгөөний удирдлагын системд ашигладаг кабелийг санамсаргүй тасалсны улмаас АНУ-ын томоохон нисэх буудлуудын үйл ажиллагаа тасалдаж, олон зуун нислэг саатжээ.

Үүний улмаас Даваа гарагийн үдээс хойш Нью-Йорк, Пенсильвани, Нью-Жерси, Массачусетс мужуудын нисэх буудлуудад хөөрөх, газардах онгоцнуудыг түр зогсоосон байна.

Хэдэн цагийн дараа АНУ-ын тээврийн сайд Шон Даффи кабелийг засварлаж, нисэх буудлууд хэвийн ажиллаж эхэлснийг зарласан ч нислэгүүдийн саатал үргэлжлэх төлөвтэй байжээ.

АНУ-ын зүүн эрэгт тохиолдсон энэ осол Мягмар гарагт Нью-Йорк хотод эхлэх НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулгантай давхцаж байгаа юм. Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд жил тутмын энэхүү том арга хэмжээнд оролцохоор Нью-Йорк орчмын нисэх буудлуудад газардаж эхлээд байгаа.

Кабель тасарсан нь онгоцнуудын хөөрөх, газардах үйлдлийг удирддаг Terminal Radar Approach Control системийн хэвийн ажиллагаанд нөлөөлжээ.

Барилгын ажлын үеэр ухах газрыг буруу тэмдэглэснээс ийм осол гарсныг албаныхан тайлбарласан байна.

Даффигийн мэдээлснээр АНУ-ын хот хоорондын төмөр замын Amtrak компанийн ажилчдын үйл ажиллагааны алдааны улмаас кабель тасарсан гэнэ.

Кабелийг эзэмшдэг Verizon харилцаа холбооны компани уг осолд буруугүйгээ мэдэгджээ.

Нью-Йорк хотын гол гурван нисэх буудлын нэг Ньюарк Либерти Интернэйшнл нисэж буудлын үйл ажиллагаа кабелийн тасралтын улмаас хамгийн их доголдсон байна.

Тус буудалд Даваа гарагт хөөрөх 267 нислэг, газардах 257 нислэг саатжээ.

 

Эх сурвалж: BBC