Д.Ихбаяр: Суррон, скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарлаж, хариуцлага тооцох үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өглөө
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан өчигдөр (2026.08.10) Хангарди болж, өндөрлөлөө.
НИТХ-ын дарга Д.Ихбаяр тус хуралдааныг хааж хэлсэн үгэндээ суррон, скүүтер, мопедоос хязгаарлалтуудыг хийх, хариуцлага тооцох үйл ажиллагааг эрчимжүүлэхийг онцлов.
Тэрбээр "Сүүлийн үед хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдсэнээс үүдэн өсвөр насны хүүхэд, залуучууд цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл, мотоцикл унаж, замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдсэн.
Зам тээврийн осолд өртөж, өөрт болон бусдад эрүүл мэнд, эд материалын хохирол учруулах, бусдын хэвийн аюулгүй зорчих эрхэд нөлөөлөх, стресс бухимдалд оруулах нөхцөл байдал ихээр гарч байна.
Нийслэлийн хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн тохиолдол 2024 онд 446 гэж бүртгэгдэж байсан бол 2025 онд 2,792 болж зургаа дахин, 2026 оны эхний долоон сарын байдлаар 1,327 болж нэмэгдэж, улмаар хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт үйл явдал гарлаа. Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн явдалд НИТХ-ын зүгээс эмгэнэл илэрхийлж байна.
Цаашид Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн зүгээс гаргаж байгаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагатай.
Тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалтыг зохион байгуулж, хязгаарлалтуудыг хийх, тээврийн хэрэгслийг түр саатуулах, хариуцлага тооцох үйл ажиллагааг эрчимжүүлэх, энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, иргэдийн эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болгож байна.
Мөн эцэг эхчүүдийн зүгээс насанд хүрээгүй хүүхдэдээ энэ төрлийн тээврийн хэрэгсэл худалдан авч өгч, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг уриалж, таны үр хүүхдийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахад та бидний оролцоо чухал байгааг сануулж байна.
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарах шаардлагатай.
Нийслэлийн замын түгжрэл, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр байгууллагууд ажлаа эрчимжүүлж, замын бүтээн байгуулалтын ажлыг даруй шуурхайлан, иргэдийг бухимдалгүй, замын хөдөлгөөнд оролцоход анхаарч, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээ, төлөвлөж буй ажлуудаа иргэдэд сайн сурталчлан таниулж байхад анхаарах шаардлагатай байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
