Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын нийтийг тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт арга хэмжээний хүрээнд “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хоёр буудлын дотор заслын ажлууд, шугам сүлжээний ажлууд, буудлын систем болон мэдрэгчүүдийн тохируулгын ажлууд хийгдэж, нийт 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Яармагаас Хархорин чиглэлд баригдаж буй нийт 4.2 км урттай, хоёр өртөөтэй тус төсөл нь нийт 98 кабинаар цагт 2,320 хүн тээвэрлэнэ. Төслийг БНФУ-ын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд зээлийн хугацаа 40 жил, хүү 0.0076 хувь, үндсэн зээлийн хүүнээс чөлөөлөгдөх хугацаа 12 жил, зээлийг үлдэх хугацаанд тэнцүүлэн хувааж, жилд хоёр удаа төлөх бөгөөд бусад олон улсын зээлүүдтэй харьцуулахад өртөг багатай төсөл аж.
Тус төсөл нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжих, аялал жуулчлалын сонирхлыг татахуйц орчныг бүрдүүлэх, хотын нийтийн тээврийн системийг илүү үр ашигтай, байгальд ээлтэй хүртээмжтэй болгох ач холбогдолтой.
Дүүжин замын тээвэр нь зорчигч тээврийн бусад төрөлтэй харьцуулахад дуу чимээ, агаар, хөрсний бохирдол үүсгэдэггүй, эко тээврийн хэрэгсэл юм. Мөн нэг шугам нь 1035 автомашинтай, 35 автобустай, 17 трамвайтай тэнцэх хэмжээний зорчигч тээвэрлэх чадалтай гэдгээрээ онцлогтой гэж Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
