22 жил хамтдаа бүтээсэн түүх, Хүлэгүүдийн шинэ замнал
ХасБанк 2004 онд Монголын сагсан бөмбөгийн спортыг шат ахиулан хөгжүүлэх зорилгоор Хасын Хүлэгүүд багийг байгуулж, тэдэнтэй гар нийлэн Монголын сагсан бөмбөгийн түүхийг бүтээлцэн, дээд лигийн тэмцээнээс гадна олон бүтээлч ажил, анхны тодотголтой үйл ажиллагаануудыг хамтдаа санаачлан хэрэгжүүлж ирсэн.
22 жилийн хугацаанд Хасын Хүлэгүүд баг Дээд Лигийн 10 удаагийн аварга болж, талбай дээрх өрсөлдөөн, амжилтаас гадна үе үеийн тамирчдын хөгжил, залуу үеийн үлгэр дуурайл, хөгжөөн дэмжигчдийн бахархал, Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн хөгжилд өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн, урт хугацаанд тогтвортой оршин тогтносон ууган багуудын нэг болж чадсан юм.
Өнөөдөр энэхүү урт хугацааны хамтын ажиллагааны нэгэн чухал үе өндөрлөж, Хасын Хүлэгүүд баг бие даасан хөгжлийнхөө дараагийн шинэ үе шатанд шилжиж байна.
Энэ удаагийн өөрчлөлт нь гэнэтийн шийдвэр биш юм. ХасБанк сагсан бөмбөгийн клубийг илүү мэргэжлийн, бие даасан тогтолцоонд хөгжүүлэх зорилгын хүрээнд Хасын Хүлэгүүд багийг анхлан клубийн зохион байгуулалтад оруулж, багт он удаан жил хүчин зүтгэсэн дасгалжуулагч, тамирчдад багийг шилжүүлж багийн голлох ивээн тэтгэгчээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж ирсэн.
Ийнхүү 22 жилийн турш хамтдаа бүтээсэн түүхийн нэгэн үе өндөрлөж байгаа ч ХасБанк Хасын Хүлэгүүд багийн бие даасан хөгжил, дараагийн шинэ амжилтынх нь эхлэлийг тавьж байна гэж харж байна.
ХасБанкны хамт олон Хасын Хүлэгүүд багийн үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, удирдлага, ажилтнууд, үнэнч хөгжөөн дэмжигчид болон өнгөрсөн хугацаанд бидэнтэй хамтран ажилласан бүхэнд 22 жилийн итгэл, нөхөрлөл, хамтын амжилтын төлөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүлэгүүд багийн цаашдын замналд улам өндөр амжилт хүсье.
ХасБанк, Зөв банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
