Индэр    
1 минутын өмнө
Зураг
Судлаач проф.

Та нар СССР-т нэгдээгүй бол яг манайхтай зэрэгцээд НҮБ, ЭЗХТЗ-д элсэх байлаа

Редакцын бус нийтлэл
Зураг

- Хэвлүүлж буй номын хэсгээсээ

Урианхай, Тувагаас болж, бас СССР-т эх орноо нэгтгэснийх нь төлөө Чойбалсан Салчак Тогоод гар хүрсэн гэдэг дээр бас нэг баримт нэммээр байна. Тува нь 1922, 1940 онд манай улсаас газар нутаг нэхэж, 1940 оны хэлэлцээнд бүр орос зөвлөх нь оролцож байсан ба 1940 оны хэлэлцээнд Тувагийн шаардлагад бууж өгсөн шийдвэр гаргасанд Чойбалсан дургүйцэж “Тус гадаад яамнаас нутгийн хил тогтоох комиссын санал болон Давст уулыг тийнхүү шилжүүлснийг татгалзаж, ГЯЯ-ны сайд Чойбалсан нот бичгийг Тува улсын төлөөлөгчийн яаманд явуулаад өөрийн улсын төлөөлөгчид мэдэгдсэн” гэсэн баримт байна. Тува тийнхүү манай газар нутгийг авах гэж мугуйдлан зүтгэсээр байсан тул Маршал Чойбалсан уг асуудлыг шийдэхэд туслахыг гуйж ЗХУ-ын Засгийн газарт ч 1941.05.14-нд хандаж байжээ.

зураг
 

Харин ЗХУ нь Туваг өөртөө баттай нэгтгэнэ гэж итгэж байсны тул Тувагийн гараар могой бариулбал асуудлыг өөртөө хэл амгүйгээр зохицуулах гэж хичээж байсан учир Туваг цаанаас нь түлхэж байсан хэрэг. Тува цаанаасаа хатгаастай учир тийнхүү “үндэс баримтгүйгээр” шаардах зоригтой байсан хэрэг. Туваг ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх санаачилга гарган нийлүүлсэн Салчак Токаг Чойбалсан алгадсан нь давхар давхар учиртай. Туватай хилийн асуудлыг шийдэхэд туслахыг хүсэж нэр дээр нь маршалын бичиг явуулж байсан Молотовыг Монголд ирэхэд уг асуудал бүр Зөвлөлт-Монголын хилийн асуудал болон ийнхүү босож ирсэн нь энэ болой хэмээн нэрт сэтгүүлч хөрвүүлэгч Г.Аким “Егүүтгэгдсэн заяа, 5-р бүлэг: «Эр хур харцага»-ын дуулал, УБ, 2022 он” номдоо бичжээ.

Газар орныг газар зүйн үүднээс тодорхойлсныг алгасаад улс төрийн агуулгыг нь сийрүүлбээс ийн бичжээ:

Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Ардын Комиссаруудын Зөвлөлийн Даргын орлогч бөгөөд Гадаад Хэргийн Ардын Комиссар В.М.Молотов Танаа

Эдүгээ тус БНМАУ-ын Тува улстай зах нийлсэн хилийн шугамыг тодотгох асуудал нь ихээхэн дээр үеэс шаардагдаж ирсэн боловч энэ хэрэгт хоёр улсын харилцан үл тохиролцсоноос шалтгаалагдаж одоо хүртэл шийдлийг олсонгүй бөгөөд харин ч улмаар нутаг бэлчээрийг эзэмшдэг хүн ардын аж төрлийг хавчсан шударгагүй явдлууд гүнзгийрсээр бүхий байдал нь өдийд даруй нэгэн тийш болж таслан шийдвэрлүүлэхийг хэзээ хэзээнээс илүү хурцаар шаардаж байна.

Иймийн тул манай хоёр улсын энэ нэгэн асуудлын талаар харилцан тохиролцохгүй хүрсэн байдлыг харгалзаж, танай Зөвлөлт Холбоот Улсын Засгийн газраас гуравдугаар этгээдийн журмаар оролцон туслалцаж зүйл дуусгахыг БНМАУ-ын Засгийн газраас итгэн хүснэ.

Монгол Ард Улс ба Тува Ард Улсын зах нийлсэн хилийн асуудалд холбогдох бодит материалууд бол тус улсын архивт байх бөгөөд түүний заримыг тус улсаас Зөвлөлт Холбоот Улсад суугаа Элчин сайдын Яаманд үүний хүргүүлсэн болохыг илэрхийлэхийн дээр нөхөн шаардагдах зарим материалуудыг дор хавсаргав.

Хоёр улсын хилийн шугамыг тодотгож байгуулан мөнхүү хязгаар нутгийн ард иргэдийн эртнээс нааш идээшиж дассан нутаг бэлчээрийг шударгаар баримтлан олгуулах явдал бол улмаар зэргэлдээ хоёр улсын зах нийлэн нутаглагч ард олны ах дүү ёсны найрамдлын хэрэгт ямар нэгэн аар саар будлиангүй болгохыг эрмэлзсэн тус улсын Засгийн газрын хөдөлбөргүй санал болохыг илэрхийлнэ.

Бүгд Найрамдах Тува Ард Улсын Засгийн газраас хуучин түүхт материал баримтыг үл ойшоон хилийн шинэ шугамыг БНМАУ-ын ихээхэн хэмжээний газар нутгийг авч, манай газар нутаг дээгүүр ямар ч үндэс баримтгүйгээр татахыг шаардаж байсан дээрээс Тува улсын Засгийн газартай санал үл нийлэлдэх учир бид нар үүгээр энэ асуудлыг нэгэн тийш болгон таслан шийдвэрлэж үл чадах болсон тул БНМАУ-ын ба Бүгд Найрамдах Тува Ард Улсын хоорондох хилийн шугамыг түүхт материалыг баримтлан таслан барагдуулж онц тусламжийг үзүүлнэ үү гэж Таны биеийг гуйж тун их итгэн найдах ялдамд:

Таны биеийг үнэн зүрхнээс хүндэтгэснийг эрхбиш зөвшөөрөн хүлээн авахыг хүснэ.

БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий Сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд, Улсын Маршал, Өрлөг жанжин ЧОЙБАЛСАН гэжээ.

Найрамдлын далбаан дор Тува нь манай улсаас удаа дараа нутаг нэхэж, тэрийг нь Москвагаас шордон хатгаж, өөгшүүлж, ийнхүү баталгаа өгсөөр ирсэн болж таарчээ. Үнэн л байгаасай.

зураг
 

Монгол-Тувагийн харилцааны асуудал ганц хил хязгаарын нутгийн өгөө аваанаасаа халиад явж өгсөн тухай аман түүх ч чамгүй бий юм билээ. Ингэхэд тэр хэрүүл маргааны эзэн Салчак Тока буюу Тогоо гэгч нь бас сонин намтартай түүхэн хүн мөн л дөө. Тусгаар тогтносон Тува улсын эрх баригч Тувагийн Ардын Хувьсгалт Намын (МАХН гэдэг шиг ТАХН–зохиогч) Ерөнхий нарийн бичгийн даргаар 1932-1944 онд ажиллажээ. Тэгснээ эх орноо СССР-т өөртөө засах мужийн статустай нэгтгэсний дараа Бүх холбоотын Коммунист (большевик) намын (1952 онд нэрээ ЗХУКН гэж сольсон) Тувагийн автономит мужийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 1944-1961 онд ажиллажээ. 1961 онд Тувагийн өөртөө засах мужийн статусыг дээшлүүлж, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Тува Улс болгоход мужийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга хэвээрээ 1961-1973 он хүргэсэн, нэг үгээр нас бартлаа Туваг удирдаж байжээ. Тэгэхлээр лав 1932 оноос Монголтой холбогдсон, хэлмэгдсэн ба эсэн мэнд үлдсэн, социалист Монголыг удирдсан Монголын 1932-1973 оны бүх улс төрчидтэй 40 гаруй жил холбогдсон болж таарна. 1932 оноос өмнөх Тогоо гэж бас нэр нөлөө бүхий байсан баримт байна. 1921 онд Зөвлөлт Оросын Улаан армийн хүчээр тусгаар тогтнолоо олж авахад Тогоо идэвхтэй оролцсон, Тувагийн хувьсгалт армид алба хаасан, Сталины нэрэмжит Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуульд суралцсан, 1926 онд Москвад Бүх холбоотын Коммунист (большевик) намд элссэн, Тувагийнхаа нам, засгийн удирдагчдыг хэлмэгдүүлэхэд оролцсон гээд баялаг намтар ярайж байна. Намтраас үзвэл Чойбалсангаас дутах юм алга. Тиймдээ ч улс төрийн нэр хүнд нөлөө, Монгол-Тувагийн найрамдал, монгол туургатай угшил, тэгээд СССР-ийн баттай дэмжлэгтэйг хэлэх үү, Монголоос газар нутаг нэхэх, Давст уулын давстай газрыг нэхэх, Тувагийн ард иргэдийг давсаар хангуулах шаардлага тавих нь энүүхэнд байсан биз ээ.

Бүр сүүлд Монгол-Зөвлөлтийн найрамдлын ид цэцэглэлтийн үед Монгол ба Зөвлөлт Тувагийн удирдагчдын хооронд эгэлгүй харилцаа үүсээд байсан тухай аман түүхийн ганцыг сөхье. Хараахан хэвлэгдээгүй номын гар бичмэлээс оруулъя. АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу агсны хүү миний найз С.Сүрэнжав эхлээд надад ингэж бичсэн. Бүгд Найрамдах Тува Улс–БНМАУ-ын 1932 оны Гэндэн, Чойбалсан нарын үзэглэсэн хилийн гэрээнээс эхэлж, дараа нь ЗХУ-аас БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болгох тухай асуудал хэдийд яаж үүссэн тухай уулзалтын протокол байдаг бол түүнийг унших байж дээ. Энэ бол монгол туургатан нар өөр хоорондоо эвтэй найртай биш байнга мундгаа харуулдгийн тод жишээ шүү. Миний дурсамжид Салчак Тогоо гэх хүн Ардын хувьсгалын 1962 оны баяр наадмаар Монголд уригдаж тэр үед Цэдэнбал дарга, аав хоёртой Төв аймагт юу болсон түүх үлдэж дээ гэхчлэн С.Сүрэнжавын маань зөвлөгөө. Харин тэр гар бичмэлдээ 1962 оны Улсын баяр наадмын хүндэт зочин Тогоотойгоо тар түр хийх бус бүр уйлуулаад авсан тухай сонирхолтой түүх хүүрнэжээ. Ямар түүх?

1963 онд БНМАУ НҮБ-д хууль ёсны суудлаа эзлээд, дараа жил нь ах дүү социалист орнуудын Эдийн засгийн харилцан туслах зөвлөлд (ЭЗХТЗ) элсэж, монголчууд дээр доргүй огшиж, зоригжиж, сэтгэл сэргэж явсан цаг. Манай улсын гадаад харилцаа огцом тэлж, олон улсын нэр хүнд нь ч бэхэжжээ. НҮБ ба ЭЗХТЗ-д хоёр он дараалан элссэний дараах жил, 1963 онд Ардын хувьсгалын 42 жилийн ойн баяр наадам сүр дуулиантай баяр ёслолоор бялхаж байжээ. Зөвлөлт Тувагийн намын удирдагч С.Тогоо хүндэт зочноор ирчихсэн, бунхант индэр, баяр наадмын асарт манай нам-засгийн удирдагчидтай заларч, Наадмын дараа Төв аймгийн түүхт 40 жилийн ойн арга хэмжээнд уригджээ. Төв аймагт байгалийн үзэсгэлэнт газар гэр бариулан бөөнөөрөө салхинд гарцгаажээ. Том гэр барьчихсан, идээ умдаан бялхаж байв гэнэ. Ууж идээ биз, найрлаа биз. Монгол дуу дуулцгааж, Тогоо ч халчхаад дуулсан гэж байгаа. Сүүлдээ Тогоо нь уйлчихсан гэрээс гарч ирээд гэргийдээ үг хаяж загнаж сэтгэл догдлол, бачуурлаа гадагшлуулсан бололтой юм. Манай хоёр дарга ам халаад НҮБ, ЭЗХТЗ-д элссэнээ үндэсний том ялалт, баяр бахдал гээд Салчак Тогоод гайхуулаад хор шарыг нь хөдөлгөчихсөн юм уу даа. Арай “Та нар СССР-т нэгдээгүй бол яг манайхтай зэрэгцээд НҮБ, ЭЗХТЗ-д зуузай холбоод элсэх байлаа” гэчихсэн ч юм уу? Согтуу хүмүүс юу ярьсныг нь хэн мэдлээ. Доголон нулимстай Тогоо, загнуулсан эхнэр хоёрыг нь Ж.Самбуу даргын гэргий тайвшруулж аргадаж юм юм л болж. Эртний танил, тэгээд бас ах дүү явсан Тувагийнхаа удирдагчдад тусгаар тогтносон Монголын удирдагчид ихэрхээ биз, социалист бүтээн байгуулалтаа гайхуулаа биз, тэр мэдээж. Тогоогийн хорыг маажсан, тэр нь эх орноо Зөвлөлт Холбоот Улсад нэгтгэчихсэндээ харуусаж, бас ах дүү Монголдоо атаархахдаа нулимсаа барьж тэвчээгүй хэмээн С.Сүрэнжав маань “Даргын хүү” дурсамж номдоо бичиж байгаа гэсэн шүү.

зураг