ҮАГ: Төрийн өмчит компаниудын захирлын цалин, орлогыг жилээр нь авч үзэхэд хамгийн өндөр нь ₮778.8 сая байсан

Б.Бадамгарав, IKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аудитын байгууллагаас 2022-2025 онд төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн судалгааг хийжээ.

Судалгаанд төсвийн 41 ерөнхийлөн захирагчийн 464 хуулийн этгээд хамрагдсаны 23.7 хувь буюу 110 нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани байна. Харин 76.3 хувь буюу 354 нь орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгааг Үндэсний Аудитын Газар(ҮАГ)-аас мэдээлсэн. Мөн төрийн өмчит хуулийн этгээдүүдэд анхаарал хандуулахаас гадна улсын хэмжээнд, орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн бодлого хэрхэн явагдаж байгааг тодорхойлох, бодлого зохицуулалт нь нэгдмэл байж чадаж байна уу гэдгийг тогтоох нь уг судалгааны нэг зорилго байсан гэв.

ҮАГ-ын Бодлого, төлөвлөлт, инновацын газрын дарга Х.Баярмаа "Улсын төсвийн 19 ерөнхийлөн захирагчийн харьяа төрийн болон төрийн өмчийн оролцоотой 110 компанийн 66.4 хувь нь төрийн өмчит, 33.6 хувь нь оролцоотой хуулийн этгээд юм.

Эдгээрийн үйл ажиллагааны чиглэлийг нь харвал

  • цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулан, дулаан үйлдвэрлэх түгээх чиглэлээр 9.1 хувь
  • цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах чиглэлээр 19.1 хувь
  • сургалт судалгааны чиглэлээр 12.7 хувь
  • уул уурхайн чиглэлээр 9.1 хувь нь ажиллаж байна. 

Үүний зэрэгцээ цалин урамшууллыг судаллаа.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид нийтдээ 46,327 хүн ажилладаг, цалин хөлс, түүнтэй адилтгах урамшууллын зардал нь 2.5 их наяд төгрөг байна.

2025 онд дээд шатны 349 удирдах албан тушаалтны цалин, түүнтэй адилтгах орлогод 34.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Дунд шатны 4,248 албан тушаалтанд 280 тэрбум төгрөг, гүйцэтгэх албан тушаалын 41,730 ажилтны цалин, түүнтэй адилтгах орлогод 2.2 их наяд төгрөгийн зардал гаргасан.

Үйл ажиллагааны чиглэлээс хамаарч харилцан адилгүй. Тухайлбал нийтийн үйлчилгээний салбарынх харьцангуй бага бол эрчим, уул уурхайн салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын цалингийн зардал хамгийн өндөр.

Энэ дундаа уул уурхайн салбарын 10 байгууллагын цалингийн зардлыг нарийвчлан үзлээ. Гэхдээ энэхүү зардлын түвшин нь жилдээ олж буй цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэдгийг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл унаа хоолны зардал, үр дүнгийн урамшуулал, тухайн үйл ажиллагаанаас хамаараад гарч буй зардлын урамшуулал орсон жилийн дүнгээр авч үзсэн гэсэн үг" хэмээн тайлбарлалаа.

Харин төрийн өмчит томоохон компанийн захирлуудын сарын цалин асуудал яригдаж байгаад "Ер нь 10 сая төгрөгөөс дээш цалинтай байх магадлал бүхий төрийн өмчит аж ахуйн нэгж хэд байгааг үзэхэд 40 аж ахуйн нэгж гарч ирсэн. Үүнд цалин, түүнтэй адилтгах орлогыг авч үзсэнийг тодотгоё. Хэн нэгнийг тусгайлж үзсэн зүйл биш. Төрийн өмчит компаниудын зардал ямар байгааг гаргахыг зорилготой.

Төрийн өмчит компаниудын захирлын зардлыг жилээр нь авч үзэхэд хамгийн өндөр нь 778.8 сая төгрөг. Дараагийнх нь 234 сая төгрөгийн зардал гарсан байна" гэлээ.