Японд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж, тайфү, аадар бороо, үер, хөрсний гулгалт зэргийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байна
Сүүлийн өдрүүдэд Япон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байгаа талаар Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Түүнчлэн зуны улирал эхэлж буйтай холбогдуулан тайфү, аадар бороо, үер, хөрсний гулгалт зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгааг Японы эрх бүхий байгууллагууд анхааруулсан байна.
Иймд Япон Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэлээ хангаж, цаг агаар болон газар хөдлөлтийн талаарх албан ёсны сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч дараах зөвлөмжтэй танилцахыг хүсье гэжээ.
- Гар утасны J-Alert, Yahoo!防災速報, NERV防災, цаг агаарын сэрэмжлүүлгийн мэдэгдлийг идэвхжүүлэх;
- Оршин суугаа газрынхаа хамгийн ойрын түр хоргодох байр, нүүлгэн шилжүүлэх маршрутыг урьдчилан мэдэж авах;
- Ус, хүнс, гар чийдэн, цэнэглэгч, эмийн хэрэгсэл зэрэг 3 хүртэл хоногийн яаралтай хэрэглээний нөөцийг бэлтгэх;
- Газар хөдлөлтийн дараах хүчтэй давтан чичирхийлэл үргэлжлэх боломжтой тул эвдэрсэн барилга байгууламжид ойртохгүй байх;
- Тайфү, аадар борооны үеэр гол мөрөн, эрэг орчим, уулын хажуу, хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй бүсэд зорчихгүй байх;
- Орон нутгийн захиргаа болон Японы эрх бүхий байгууллагаас өгч буй заавар, нүүлгэн шилжүүлэх мэдэгдлийг тухай бүр дагаж мөрдөх.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




