Солонгос хүмүүс хүнсэндээ кимчи хэрэглэх нь буурсан судалгааны үр дүн гарчээ
Солонгос хүмүүс хүнсэндээ кимчи хэрэглэх нь эрс буурсан тухай судалгааны үр дүн Ням гарагт нийтлэгджээ.
Чун Аны Их сургууль, Чэжүгийн Үндэсний Их сургууль, Дэлхийн Кимчиний Хүрээлэн байгууллагуудын хамтарсан судалгааны тайланд өгүүлснээр асуулгад оролцсон солонгос хүмүүсийн дотор сүүлийн 24 цагийн дотор кимчи идээгүй хүмүүсийн эзлэх хэмжээ 2010 оны 11.7 хувиас 2024 онд 22.7 хувь болон өссөн байна.
Хүйсээр нь авч үзвэл 24 цагийн турш кимчи идээгүй эрэгтэйчүүдийн эзлэх хэмжээ 10.2 хувиас 20.6 хувь, эмэгтэйчүүдийн эзлэх хэмжээ 13.1 хувиас 24.8 хувь болон нэмэгджээ.
Ерөнхийдөө 10 хүртэл насны хүүхдээс бусад насны бүлгүүдэд кимчийг хоолондоо хачир болгон хэрэглэх түвшин буурсан байна.
Энэ бууралт 20-39 насны бүлэгт хамгийн тод илэрч, 2010 оны 82 хувиас 2024 онд 66 хувь болон өөрчлөгджээ.
Кимчийг дангаар нь хэрэглэхээс илүүтэй кимчи жигэ гэх мэт болгосон хоолонд орц болгон хэрэглэх болсон байна.
Үүнд нийгэм, эдийн засгийн хүчин зүйл бас нөлөөлж байгаа нь судалгаанаас харагджээ.
Тухайлбал нийгмийн хамгийн бага орлоготой хэсэг кимчийг түлхүү хэрэглэж, өндөр орлоготой хэсэг бага хэрэглэж байгаа нь харагдсан байна.
“Кимчиний хэрэглээнд гарсан өөрчлөлт нь хоолны ерөнхий найрлага, хооллох зуршилд гарсан өргөн хүрээний өөрчлөлтийг харууллаа. Цаашдаа нийгмийн эрүүл мэндийн стратеги зүгээр л кимчи хэрэглэхийг уриалахаа зогсоож, илүү тэнцвэртэй хооллолтын хэв маягийг дэмжихэд чиглэх ёстой болж байна” гэж судлаачдын дүгнэлтэд бичжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
